Дараагийн Ерөнхий сайд хэн вэ?

Дараагийн Ерөнхий сайд хэн вэ?

Монгол Улсын Засгийн газар унав. Ж.Эрдэнэбатаар толгойлуулсан Мэргэжлийн засгийн газар жил 2 сар ажиллаад өвдөг шороодлоо. Тус засгийн газрыг өвдөг шороодуулсан хамгийн том шалтгаан нь яах аргагүй сайд нарын авсан концесс. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын хамаарал бүхий этгээдийн компани 160 тэрбум, Хууль зүй, дотоод хэргийн сайдын компани 60 тэрбум, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын компани 70 тэрбум төгрөгийн концесс авсан нь гишүүдийн эгдүүцлийг төрүүлсэн. Уг концесс их хуралд орж ирэхэд л эсэргүүцсэн гишүүд олон байв. Тэдний тэвчээр алдарч МАН-ын 65 гишүүний 33 нь гараа өргөж засгийн газраа огцрууллаа.

Дараагийн Ерөнхий сайд хэн вэ?

Хамгийн түрүүнд Ерөнхий сайд болно гэж яригдаж байгаа хүн бол одоогийн шадар сайд У.Хүрэлсүх. УИХ-ын гишүүн Б.Жавхлан Ерөнхий сайдыг огцруулсны дараа чуулганы танхимд У.Хүрэлсүхэд ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгүүлэх хүсэлт гаргав. Энэ нь цаагуураа Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг дэмжих сонирхолтой гэдгээ илэрхийлэв бололтой. У.Хүрэлсүх дэмжлэг авах магадлал өндөр. Гэхдээ түүнд саад болох том хүчин МАН дотор байна. Энэ бол Засгийн газрыг огцруулахын эсрэг байсан 31 гишүүн. МАН дахь хотын фракц. Тэд У.Хүрэлсүхэд найр тавиад Ерөнхий сайд болгон дэвшүүлэхгүй. Харин ч хорхойтой шүдэндээ зууж байгаад хөсөр хаях төлөвлөгөөг боловсруулж суугаа нь гарцаагүй ээ. Тэгэхээр У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох магадлал 50 хувьтай гэж болно.

Ч.Хүрэлбаатар гишүүний нэр Ерөнхий сайдын суудалтай холбогдож эхэллээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг хамгийн их ил шүүмжилсэн гишүүн. Түүний хувьд увс фракцын төлөөлөл. Тэр утгаараа Ерөнхий сайдын суудалд зүтгэх магадлалтай гэсэн таамаг дэвшүүлж байна. Увс фракцын гол төлөөлөл болох Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нар засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Хэн хэн нь дараагийн засгийн газарт ямар нэгэн албан тушаал горилж байгаа нь гарцаагүй. Хэрэв тэдний нэг нь Ерөнхий сайд болсон нөхцөлд М.Энхболд УИХ-ын даргын суудалтайгаа үлдэх боломжтой гэсэн таамаг дэвшүүлэх хүн олон байна. Тэгэхээр Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайд болох магадлал У.Хүрэлсүхийнхээс илүү гэж тооцож болно.

Засгийн газрыг огцруулахад ил ярьж гүйгээгүй ч төлөөлөл нь тэргүүн эгнээнд явсан фракц бол Н.Багабандийн заавар зөвлөгөөгөөр хөдөлдөг Сү.Батболдын фракц. Тэдний хувьд Аюурсайхан гишүүнээр малгай хийж Ж.Эрдэнэбатыг огцруулах ажлын гол хорыг найруулсан гэхэд болно. Хэдийгээр У.Хүрэлсүх ба Ж.Эрдэнэбат гэсэн мөргөлдөөн мэт харагдавч хамгийн их тэдний галыг өдөөж, дунд ч оч хаяж байсан фракц бол яах аргагүй Сү-гийн талынхан. Тэдний хувьд 2016 оны сонгуулийн дараах албан тушаал хуваах үйл явцаас хамгийн их сэтгэл дундуур үлдсэн гэхэд болно. Энэ ч утгаараа шүд зууж байгаад засгийн газраа огцруулчихлаа. Одоо хамтрагч У.Хүрэлсүхтэйгээ нийлэх үү? эсвэл хотын фракцтай хор найруулж, ханцуй дотор наймаалцах уу гэдэг сонголт ирэв. Энэ фракцаас Ерөнхий сайд болох магадлалтай хэд хэдэн хүн байна. Нэгд Сү.Батболд, хоёрт Ц.Мөнх-Оргил нарын нэр дуулдах болов.

Ж.Энхбаяр гишүүнийг Ерөнхий сайд болно гэх таамаг зарим улс төрийн хүрээнийхэн гаргав. Гэхдээ араасаа томоохон дэмжлэг султай Ж.Энхбаяр гишүүний хувьд энэ удаад Ерөнхий сайд болох чадал нь арай л дутна. Харин түүний хувьд салбарын сайд болох боломж харагдаж байхыг үгүйсгэх аргагүй юм аа.