Bank of china орж ирэх үүд нээгдлээ

Bank of china орж ирэх үүд нээгдлээ

Монгол улсад гадны банк оруулах эсэх яриа гараад 10 гаруй жил болж байна. Гадны хэд хэдэн банкны төлөөлөгчийн газар Монголд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс салбараа монголд нээх сонирхолтой нь Хятадын Банк оп Чайна болон АНУ, Герман улсын банк юм. Эдгээрээс Хятадын төрийн мэдлийн банкны хувьд Монголд салбараа нээж зээл олгох зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэл нь илүү их гэсэн тайлбар явдаг. Энэхүү асуудлыг Ж.Эрдэнэбатын засгийн газар эрчтэй ярьж эхлээд байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн хэдэн сар олон удаагийн мэтгэлцээн, талцал өрнөсөн. Энэ бүхний дараа уг асуудлыг эрх зүйн хүрээнд бий болго бэлтгэл ажил эхэлчихлээ. Өчигдөр хуралдсан засгийн газрын хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд нарт даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.

Засгийн газрын хувьд уг төсөлдөө гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбарыг Монгол Улсад нээх, үйл ажиллагааных нь чиглэл, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгах юм байна. Түүнчлэн улс орны нийгэм, эдийн засагт ач холбогдол бүхий үр өгөөжтэй томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, барьцаалах, батлан даах зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулна гэж төлөвлөжээ. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалттай банк нь хадгаламж татахгүй, иргэдийн банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй байх, зах зээл дээр өрсөлдөөнийг хязгаарлах болон давамгай байдал үүсгэхийг хориглохоор төсөлд тусгана гэв. Тэгэхээр Арилжааны 17 банктай жижиглэнгээр өрсөлдөхгүй нь. Харин томоохон зээлдэгч нар нь өнөөх гадны банкнаас очиж зээлээ авч эхлэнэ.