6 настай хүүхдийн зам дээр орхиж, машин ачсан компани журам зөрчжээ.

6 настай хүүхдийн зам дээр орхиж, машин ачсан компани журам зөрчжээ.

Авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд, бусдад саад болохуйцаар автомашинаа байрлуулсан тохиолдолд ачиж, журамлах ажлыг хоёр жил гаруй өмнөөс хэрэгжүүлж эхэлсэх. Нэг хэсэг уг ажлыг түр зогсоогоод байв. Харин өнгөрсөн сарын 28 өдрөөс эхлэн дахин хэрэгжүүлж эхэлсэн билээ. Ингэхдээ шинэ журмаар Авто замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг ачиж тээвэрлэх, журамлахдаа заавал Замын цагдаагийн албан хаагчийн зөвшөөрөлтэйгээр хийх юм.  

Авто зогсоолын хүрэлцээ муу, ихэнх аж ахуйн нэгж гаднах талбайдаа зогсоол байхгүй зэргээс үүдэн Авто замын  нэгдүгээр эгнээнд машинаа түр байрлуулах хандлага буурахгүй байгаа билээ. Үүнээс улбаалан иргэд болон ачилтын компаниудын хооронд зөрчил гарч, маргаан дэгдэх болсон. Уг нь шинэ журмаар энэ асуудлыг цэгцлэнэ гэж албаныхан тайлбарлаж байв. Гэвч өчигдөр сошиал орчинд уг маргаан байсаар байгааг гэрчлэх үйл явдал боллоо.  

100 айлын замын нэгдүгээр эгнээнд зургаан настай хүүхдээ автомашиндаа үлдээж, дэлгүүр орох зуур хүүхдийг нь машинаас буулгаж орхиод, автомашиныг нь ачиж явсан гэх асуудал цахим орчинд нийтлэгдэн ихээхэн шүүмжлэл дагуулсан билээ. Тухайн иргэн хүүхдээ хайж, дэлгүүрээс олсон. Мөн ачилтын компани дээр очиж гомдол мэдүүлсэн ч хүлээн авахгүй эсэргүүцэж байсан юм. 

Уг асуудлаар  Замын цагдаагийн газраас тайлбар хийсэн байна. Тайлбарт “2017.09.02-ны өдөр 100 айлын замд верна маркийн автомашины жолооч нь тээврийн хэрэгслээ зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчин байрлуулсан ба тухайн автомашин нь 100 айлын замын хөдөлгөөнд саад болж ачаалал үүсгэж байсан тул уулзвар дээр ажиллаж байсан замын цагдаагийн алба хаагч автомашин дээр ирж шалгахад автомашин дотор эцэг эх асран хамгаалагчгүй хүүхэд ганцаараа байсан ба эцэг эх рүү нь холбогдох гэсэн боловч гар утсаа машиндаа орхиод явсан байсан байна. Түгжрэлийг арилгах хөдөлгөөнийг чөлөөтэй явуулахын тулд алба хаагч тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнээс холдуулж автобусны буудал дээр байрлуулаад явсан байна. Үүний дараа хүүхэд нь машинаа түгжээд эцэг эхээ дуудахаар явсан байх хойгуур тухайн гудамж замд ачилтын үйл ажиллагаа явуулдаг Бат-Зэв ХХК-ны ачигч автомашин замын цагдаагийн алба хаагчийн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг зөөж түр саатуулах байранд байрлуулсан байна. 

Дээрхи зөрчлийг гаргасан ачилтын компанид зөвшөөрөлгүй ачилт явуулахгүй байх, жолооч ачигч нарын харьцааны соёлыг сайжруулах дахин зөрчил гаргасан тохиолдолд гэрээг цуцлуулах талаар албан мэдэгдэл хүргүүллээ” гэжээ. 

Ер нь өмнөх дүрмээр ч гэсэн ачилтын компани цагдаагийн албан хаагчын зөвшөөрөлтэй ачиж, журамлах үүрэг хүлээдэг байсан. Гэтэл тэр замын цагдаа ач гэсэн гэх үг хэлж ачиж журамлан мөнгө олох гэж улайрч байсан билээ. 

Харин энэ удаагийн журмаар тусгай наалтыг Замын цагдаагийн албан хаагч наах ёстой юм аа. Тийм нөхцөлд уг машиныг ачиж журамлах ёстой.