Н.Цэрэнбат: У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох боломжгүй

Н.Цэрэнбат: У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох боломжгүй

Баасан гарагт МАН-ын бүлэг хуралдсан. МАН-ын удирдах зөвлөлөөс чиглэл өгч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахгүй авч үлдэх талаар зөвлөж байхад МАН-ын бүлэг хуралдаж нэгдсэн байр сууринд хүрэх гээд чадаагүй билээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах чуулганы хуралдааны өмнө ч зөвлөлдөж чадаагүй, дараа ч хуралдаж учраа олоогүй эрх баригч намын 65 гишүүн өнгөрсөн баасан гарагт хуралдаж чадав. Хуралдах шалтгаан нь УИХ-ын дарга М.Энхболд шадар сайд У.Хүрэлсүх нарын уулзсан уулзалт байлаа. Энэ хоёр эрхэм нэг цаг орчим уулзсаны дараа МАН-ын бүлэг хуралдах тов гарч байна.

МАН-ын 65 гишүүн 2 хуваагдсан. Тэдний толгойлогч нар нь М.Энхболд У.Хүрэлсүх нар. Сая хуралдсан МАН-ын бүлэг нэгдсэн нэг шийдэлд хүрчээ гэсэн дүгнэлтийг зарим улс төрчдийн ярианаас мэдэж болохоор болжээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат Өдрийн сонинд ярилцлага өгчээ. Тэрээр сэтгүүлчийн дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ? гэсэн асуултад дараах байдлаар хариулсан байна.

Н.Цэрэнбат: Монгол Улс парламентын засаглалтай. Парламентаас Ерөнхий сайдаа томилдог. Тиймээс 65 суудалтай МАН-ын бүлэг дотроосоо Ерөнхий сайдаа томилох ёстой. Нэг үгээр хэлбэл ард түмнээс мандат авч сонгогдсон УИХ-ын гишүүн хүн Ерөнхий сайд болох ёстой.

Ийнхүү УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатаар дамжуулан дараагийн ерөнхий сайд хэн байх вэ гэдэг болзол гарч ирэв. МАН-ын бүлэг хуралдсан шалтгаан нь энэ. Тэд дундаасаа Ерөнхий сайдаа тодруулах тохиролцоонд хүрсэн бололтой. Тэгэхээр парламентад ороогүй У.Хүрэлсүх Ерөнхий сайдын өрсөлдөөнөөс хасагдаж байгаа бололтой юм аа. УИХ дахь МАН-ын 65 гишүүн бүгд л дотроосоо Ерөнхий сайдыг тодруулах дээр сэм санал нэгдэж байгаа. Гагцхүү У.Хүрэлсүхийг дагалдагч нар шууд нүүр буруулчихаж чадахгүй байгаа гэх мэдээлэл байна.

Эцсийн шийдвэрийг МАН-ын бага хурал гаргана. Тус хурлаас хэнийг Ерөнхий сайд болгох вэ?