Ц.Сандуйгийн улс төрийн соёл

Ц.Сандуйгийн улс төрийн соёл

НИТХ-ын ээлжит 11-р хуралдаан болж Ц.Сандуй ажлаа хүлээлгэн өглөө. Ц.Сандуй нь НИТХ-ын даргаар 2016 оны 07 сард сонгогдож, ийнхүү өнөөдөр ажлаа хүлээлгэн өгсөн юм.

Ц.Сандуй НИТХ-ын даргаар ажиллахдаа НИТХ-ын хуралдааныг 37 удаа даргалж, 174 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийг баталсан. 2017 оны Нийслэлийн төсвийн батлан, гүйцэтгэгч албан тушаалтныг шахан ажиллаж иржээ. 2017 онд улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 49 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, цэцэрлэгт хамрагдагсдын хангамж 76 хувиар өсчээ. Төр, хувийн хэвшлийн 21 сургуулийг  шинээр барих болон  хуучин барилгад өргөтгөл хийх замаар сургуулийн хүчин чадал нийт 10680 суудлаар нэмэгджээ. 3 ээлжээр хичээллэж байсан сургуулийн тоо гурваар буурсан нь өнгөрсөн жил гаруйн хугацаанд НИТХ-ын ажлын үр дүн гэж болно.

НИТХ-ын даргын албан тушаал нэг талаасаа улс төрийн албан тушаал. Нөгөө талдаа Нийслэлийн 1,3 сая иргэний итгэлийн хүлээж сонгогдсон төрийн албан тушаал. Иймд энэхүү албан тушаалаас Ц.Сандуй өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх болсон хамгийн гол шалтгаан бол 60 тэрбум. 60 тэрбумын гэх хэрэгт нэр холбогдсон Ц.Сандуй гэм буруугүй гэдгээ нотлохын тулд энэхүү албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаа гэдгээ өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаан дээр онцлон хэлсэн юм.

Ц.Сандуй: “60 тэрбумынгэх асуудлаар миний бие хууль, хяналт, Авилгатай тэмцэх газарт  10 гаруй удаа очиж мэдүүлэг өгсний зэрэгцээ, 2016 оноос хойш  нэг жил хүрэхгүй хугацаанд  цагдаа, хуулийн байгууллагад гурван удаа шалгагдаж, уг хэрэг хэрэгсэхгүй болсон төдийгүй  Хан -уул дүүргийн шүүхийн шийдвэрээр ч  гэм буруугүй гэдгийг тогтоосон болно. Хамгийн сүүлд энэ сарын эхээр нийслэлийн прокурорын газраас дахин хянаад уг асуудлыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаж, энэ тухай олон нийтэд мэдээлсэн. хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.

Хууль хяналтын байгууллага 60 тэрбумын гэх хэргийн талаар удаа дараа гэм буруугүй гэдгийг нь баталжээ. Ийм нөхцөлд НИТХ-ын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх нь буруу юм гэсэн тайлбарыг НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөл болох Э.Бат-Үүл, Д.Одонтунгалаг нар хэлсэн үгэндээ онцолж байв.

Харин НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн хувьд Улаанбаатар хотын иргэдийн өмнө итгэл дүүрэн, гэм буруугүй, ёс суртахуунтай гэдгээ батлахын тулд албан тушаалаа өгч, дахин шалгуулж гэм буруугүй гэдгээ эцсэлэн шийдүүлэх хүсэлтэй гэдгээ мэдэгдэж байгаа юм.

Ц.Сандуйг 60 тэрбумын хэрэгт нэр холбогдоогүй гэдгийг хууль хяналтын байгууллага удаа дараа баталчихлаа. Ийм нөхцөлд тэр НИТХ-ын даргын ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой. Үүнийг ч өнөөдөр болж байгаа НИТХ-ын үйл явц, сөрөг хүчний төлөөлөгч нарын хэлж байгаа үг, шахаж байгаа бодлогоос харагдаж байв. Гэвч НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нь улс төрийн соёл гаргаж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй гэнэ. Үүгээр зогсохгүй Нийслэлийн ажил урагшлах ёстой. Эрх баригч намын хагарал нь Нийслэлийн ажлыг уях, Улаанбаатарын хөгжилд сөргөөр нөлөөлөх ёс үгүй. Энэ утгаараа түүний хувьд албан тушаалаа хүлээлгэн өгч, Улаанбаатар хотын хөгжлийн төлөө сэтгэл, зүтгэл гаргах хүнийг НИТХ-ын 45 төлөөлөгч сонгоно гэдэгт итгэж байгаа гэв.

Ийнхүү өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч, нэг талаасаа бусдын өмнөөс хариуцлага хүлээж, нөгөө талдаа гэм буруугүй гэдгээ нотлохын тулд албан тушаалаасаа холдсон нэгэн тод жишээг НИТХ-ын дарга асан Ц.Сандуй үлгэрлэн үзүүллээ.