МАН-ын Удирдах зөвлөл шийдвэр гаргаж чадсангүй

МАН-ын Удирдах зөвлөл шийдвэр гаргаж чадсангүй

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр хуралдсан. Шөнө дөл болтол хуралдсан МАН-ын удирдах зөвлөлийн 31 гишүүний хэлэлцэх гол асуудал нь өнөөдөр болох МАН-ын ээлжит бага хурлаар хэлэлцэх асуудлын дараалал батлах юм. Тэр дундаа МАН-ын бага хуралд дараагийн Ерөнхий сайдын нэрийг оруулан батлуулах ёстой байлаа.

Шат шатандаа 2 тал болж хуваагдчихаад байгаа МАН-ын хувьд асуудлаа шийдэж, эцэслэн санал нэгдэнэ гэдэг тун амаргүй байдалд хүрсэн гэдэг нь өнгөрсөн баасан гарагт болсон НИТХ-ын хуралдаан дээр батлагдан харагдсан билээ. Тус хуралд У.Хүрэлсүхийг дэмжигчид болон М.Энхболдыг дэмжигчид гэсэн 2 том бүлэг МАН дотор бий болоод байгааг батлан харуулсан. Учир нь НИТХ-ын даргын сонгуульд НИТХ дахь МАН-ын бүлэг Баярсайханы нэрийг дэвшүүлсэн бол заалнаас С.Амарсайхан нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгч нарын нууц санал хураалтаар даргаа сонгох гэхэд НИТХ дахь МАН-ын 34 төлөөлөгч 17:17 гэсэн санал гаргаж хоёр нэр дэвшигч тэнцсэн билээ. Ингээд МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авчихаад байгаа. Уг нь бага хурлаасаа өмнө асуудлаа шийдэх гэж үзсэн ч амжилт олоогүй.

Бага хурлынхаа өмнө хуралдаж бас л асуудлаа шийдэж, нэг шийдэлд хүрэх гэсэн МАН-ын удирдах зөвлөл бас л санал нэгдэж чадсангүй. Тус хурлаар Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэх тухай амтай болгон мэдэмхийрч, асуудал болгон шаагилдсан мэдээлэл байна.

Одоогийн байдлаар Ерөнхий сайдад Н.Энхболд, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин гэсэн хүмүүсийн нэр яригдаж байгаа. Ө.Энхтүвшингийн хувьд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдчихсэн. Харин нөгөө гурван нэр дэвшигчийн хувьд далд хэлбэрт өрсөлдөөнийг өрнүүлсээр байна.

 МАН-ын бага хурал эхлэх цаг одоогоор тодорхой бус байна. Харин МАН-ын удирдах зөвлөлийн хурал одоо үргэлжлэх ёстой. Уг хурал дээр шийдэх ганц том асуудал нь Ерөнхий сайдын нэрийг бага хуралдаа оруулах юм.