Ц.Нямдоржийг дэмжиж У.Хүрэлсүх нэрээ татах уу?

Ц.Нямдоржийг дэмжиж У.Хүрэлсүх нэрээ татах уу?

Өнөөдөр болох МАН-ын бага хурал дээр нэгэн санаанд оромгүй үйл явдал өрнөнө гэсэн яриа МАН-ын гишүүдийн дунд гарчээ. Ерөнхий сайдад нэр нь яригдаж байгаа хоёр улс төрчийн тохиролцоог ийнхүү улс төрийн хүрээнийхэн хэлэлцээд эхэллээ. Тэр дундаа хэн хэн нь олон нийтээс дэмжлэгтэй хоёр улс төрчийн үйлдэл олны анхаарлыг татаж байгаа явдал юм.

Увс Фракцын толгой улс төрч Ц.Нямдорж, мөн Зүүний хүчний холбооны манлайлагч У.Хүрэлсүх нарын хувьд Ерөнхий сайдад нэр нь яригдаж байгаа. МАН-ын дарга болохын тулд У.Хүрэлсүх 2016 оны сонгуулийн дараачаас бэлдэж эхэлсэн. Түүний гол зорилго нь МАН-ын дарга болох.

 МАН-ын төв байгууллагад улс төрийн ажилтан хийж энэ намтай холбогдсон У.Хүрэлсүхийн хувьд намынхаа даргаас бусад томоохон албан тушаалыг хашиж байжээ. УИХ-д гурван удаа сонгогдсон. Ингэхдээ хоёр удаад нь тойрогт нэр дэвшин ялалт байгуулж, нэг удаад нь намынхаа жагсаалтаар УИХ-ын гишүүн болж байв. Харин Засгийн газарт Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд хийж, мөн 2 дахь удаа шадар сайдаар ажиллаж байна. Ийм намтартай У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болно гэсэн хүлээлт олон хүнд байгаа. Харин түүнд тээг болж байгаа нэг том шалтгаан нь УИХ-ын гишүүн биш. Учир нь УИХ дахь МАН-ын угшилтай 65 гишүүний дэмжлэгийг авахын тулд УИХ-ын гишүүн байх ёстой гэсэн шаардлагыг МАН-ын бага хурлынхан хэлэлцээд байгаа юм. Тэгэхээр У.Хүрэлсүх дараагийн нүүдлээ тооцсон байж болзошгүй.

 У.Хүрэлсүхийн дараагийн нүүдэл нь Ц.Нямдоржийг Ерөнхий сайдад дэмжих явдал. Ингэхийн тулд Бага хурал дээрээ У.Хүрэлсүх нэрээ татна. Нэрээ татахдаа өөрийг нь дэмжиж байгаа хүн бүр Ц.Нямдоржийг Ерөнхий сайдад дэмжих тухай зөвлөх болно гэсэн таамаг гараад эхэллээ. Ингэсэн нөхцөлд Ц.Нямдорж Ерөнхий сайд болно. Харин их хурлаараа МАН-ын даргаар У.Хүрэлсүх сонгогдоно. Ийм тохиролцоог Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нар хийж байгаа гэх таамаг МАН-ын бага хурлын 330 гишүүний дунд хөвөрч байна. Хэрэв ийм тохиролцоо үнэн бол Ц.Нямдорж Ерөнхий сайд боллоо гэхэд удаан ажиллах уу? Хэрэв У.Хүрэлсүх намын дарга болчихоод Ц.Нямдоржийг Ерөнхий сайдаар нь ажиллуулах уу? гэсэн асуулт юм. Харин үүнд хэн ч Ерөнхий сайд болсон жилийн дараа гэхэд л Засгийн газар огцрох болно. Тэгээд дараагийн засгийн газар байгуулагдана гэсэн улс төрийн хүрээнийхний яриа юм. Энэ удаад байгуулагдах засгийн газар 6-8 сарын настай гэх хандлагаас харж болно гэнэ. 

Ерөнхий сайд хэн байх вэ? гэдэг шийдвэрийг МАН-ын бага хурлын 330 төлөөлөгч шийднэ. Тэдний шийдвэрээс шалтгаалж дараагийн Засгийн газар хэдэн сарын настай вэ? гэдэг дүр зураг тодрох юм. Ямартай ч Ц.Нямдорж, У.Хүрэлсүх гэсэн хослол энэ удаагийн бага хурлын шийдвэрт жинтэй нөлөө үзүүлэх нь гарцаагүй юм.