Т.Ганди, ЖЦолмон нар шинэ засагт багтахаар гүйж эхэллээ

Т.Ганди, ЖЦолмон нар шинэ засагт багтахаар гүйж эхэллээ

У.Хүрэлсүхийн засагт багтахын тулд хөлтэй нь гүйж, хөлгүй нь мөлхөх хэмжээнд л зүтгэж байгаа бололтой. Эрх баригч МАН-ын хоёрдугаар ээлжийнхэнд багтчих сонирхолтой ажилтай, ажилгүй, албан тушаалтай, албан тушаалгүй хүн бүр л зүтгэж байна. Эдгээр дотор Ж.Эрдэнэбатын засгийн газраас хоосон хоцорчихсон хоёр эмэгтэйн нэр дуулдаж эхэллээ.

2012-2016 онд Унгар улсад элчин сайдаар ажиллаж байгаа 2016 оны сонгуульд өрсөлдөх гэсэн ч тойрог олдоогүй Т.Ганди гэх улс төрч эмэгтэй эргэн ирэхийг хүсчээ. Түүний хувьд Улс төрд он удаан жил ажилласан. Нэг хэсэгт нь хүлээн зөвшөөрөгдсөн Монголын улс төрийн төмөр хадагтай билээ.

Н.Энхбаярын нөмөр нөөлөгт нэг хэсэг баттай байр суурь эзэлж байсан. С.Баярын улс төрийн магнайлах он жилүүдэд бас л амжилттай явсан энэ хадагтай одоо Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын суудлыг сонирхож байгаа гэнэ. Уг суудалд УИХ-ын гишүүн А.Чинзориг, Л.Тогтохсүрэн нар зүтгэж байгаа учраас Т.Ганди жийгдэх магадлалтай. Хэрэв тийм нөхцөлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын суудлыг ч сонирхоно гэдгээ намынхаа нөхдөд хэлээд амжжээ. Гагцхүү Т.Ганди гэх эмэгтэйд боломж олгох эсэх нь У.Хүрэлсүхийн шийдэх асуудал. Дээр нь Сү-гийн фракцын дэмжлэг түүнд хэрэгтэй.

У.Хүрэлсүхийн засгийн газарт багтаж сайдын суудалд тухлах сонирхолтой бас нэг эрхэм бол Ж.Цолмон. Сү-гийн фракцын хадагтай нарын нэг тэрээр энэ удаад сайдын суудлыг алдахыг хүсэхгүй яваа. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллах гэж нэлээд лобби хийж гүйсэн ч Н.Энхболд гишүүний худ А.Цогцэцэгт мөргүүлчихсэн билээ. Харин энэ удаад хэн нэгэнд мөргүүлэхгүй, харин өрсөлдөгч гарч ирсэн нөхцөлд мөргөж байгаад уг суудалд суухыг хүсч байгаа гэнэ. Ж.Цолмонгийн хувьд Сү.Батболд гишүүний дэмжлэгээр дээшээ зүтгэдэг нэгэн. Мөн С.Баяр ноён Ж.Цолмонг дэмждэг улс төрчийн нэг. Тэгэхээр энэ удаад У.Хүрэлсүхтэй тэд хэрхэн ойлголцохоос шалтгаалж Ж.Цолмон суудалд суух эсэх нь шийдэгдэнэ.