М.Энхболд УИХ-ын даргаараа үлдэж, Ц.Нямдорж засагт орох тохиролцоо

М.Энхболд УИХ-ын даргаараа үлдэж, Ц.Нямдорж засагт орох тохиролцоо

У.Хүрэлсүхийн засгийн газарт хэн хэн багтах вэ? гэсэн асуулт МАН-ын гишүүд, дэмжигчдийн дунд хамгийн их тавигдаж, бас хэлэлцэгдэж байна. Эдгээрийн хажуугаар яригдаж байгаа нэгэн сэдэв бол УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага хүлээлгэн УИХ-ын даргын суудлаас буулгах. Түүний оронд УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг томилох тухай хэлэлцээр юм.

Хэдийгээр ийм өөрчлөлт гараасай гэж нэг хэсэг нь хүлээж байгаа ч нөгөө хэсэг нь ийм өөрчлөлтийг огт хийж болохгүй гэдэг дээр байр сууриа нэгтгээд байгаа юм. Тэр дундаа МАН дотор хамгийн хүчтэй гэгдэх Хотын фракцын төлөөллийнхөн УИХ-ын даргын суудлаас М.Энхболдыг огт хөдөлгөж болохгүй. Тэгсэн нөхцөлд МАН дотор байх Хотын фракцын байр суурь шуд ганхана гэсэн болгоомжлолд автаж байна. Учир нь жилийн өмнө бүх эрх мэдлийг гартаа атгаж байсан Хотын фракцынхан өнөөдөр хөсөр хаягдаж эхлээд байна. Тэд Ерөнхий сайдтай байлаа. Ж.Эрдэнэбат өнөөдөр сул гишүүн болчхов. Тэд НИТХ-ын даргатай байлаа. Тэр нь өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгчихлөө. Тэдний өмнө МАН-ын ажил горилогч нар бөхөлзөж, хаалгыг нь сахиж суудаг байв. Харин өнөөдөр хуучны кинон дээр гардаг шиг ламын үүдээр бүх хүн өнгөрч, Орос эмчийн үүдэнд дугаарлах дүр зургийг амсч эхлээд байна.

Хэрэв УИХ-ын даргын суудлыг М.Энхболд тавиад өгчихвөл Хотын фракц дахин сэргэхэд тун бэрх. Тэр утгаараа уг фракцынхан гурав тасдуулсан ч могойн дайтай байхын тулд ганц суудлыг авч үлдэх бүхий л боломжийг ашиглаж байна. Үүнийгээ ч баталгаажуулсан гэх яриа МАН-ын гишүүд дотроос гарч байна.

У.Хүрэлсүхийн хувьд бага хурлаасаа 188 төлөөлөгчийн дэмжлэг авсан. Тэдний тал хувь нь хотын фракцын төлөөлөл байсан гэнэ. Бага хурлын өмнө М.Энхболдын өрөөнд У.Хүрэлсүх уулзсан. Уулзалт нэг цаг орчим үргэлжилсэн тухай хэвлэлээр гарч байсан билээ. Энэхүү уулзалтаар л уг тохиролцоо эхэлж, намынхаа бага хурал дээр тохиролцооны эхний алхам хэрэгжсэн байжээ.

 Харин дараагийн алхам нь одоо хэрэгжих гэж байна. Ажлаа өгөхөд бэлэн болчихсон Ж.Эрдэнэбатын засгийн газрын төлөөлөл, тэднийг дэмжигч УИХ-ын гишүүд гомдолтой байгаа. Тэгсэн хэдий ч гомдлоо хэлсэн ч санал өгөхдөө У.Хүрэлсүхийг дэмжих болно. Нэг үгээр хэлбэл ногоон гэрлээр Ерөнхий сайд болгоно. Харин үүний дараа М.Энхболдоор огт оролдохгүй. Түүний хувьд МАН-ын даргын суудлыг хэн нэгэнд өгөхөд харамсах зүйлгүй. Харин УИХ-ын даргын суудлыг өгөхгүй. Түүнээс авах магадлалтай ганц хүн нь Ц.Нямдорж. Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд болгох тохиролцоог У.Хүрэлсүх, М.Энхболд нар хийжээ. Ийнхүү М.Энхболд өөрийн өрсөлдөгчөө зайлуулах боломжийг ашиглаж, давхар дээлийг Ц.Нямдорж гишүүнд өмсүүлэх нь.