Ц.Нямдорж, Х.Баттулга нарын хослол хаа хүрэх вэ?

Ц.Нямдорж, Х.Баттулга нарын хослол хаа хүрэх вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорын байгууллагынхантай энэ 7 хоногт уулзалт хийлээ. Хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдээгүй, Нийгмийн сүлжээнд түгээгдээгүй энэхүү уулзалт Прокурорын байгууллагын олон хүний зүрхэнд шар ус хуруулж, зарим нэгний магнайг тэнийлгэсэн гэх мэдээлэл байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорын байгууллагын явуулж байгаа ажил, хэрэгжүүлж байгаа бодлого, хэрэг шийдэж байгаа байдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Үүний зэрэгцээ шахааны, улс төрчийн гар хөл болсон Прокурорыг цаашид энэ салбарт ажиллуулах сонирхолгүй байгаагаа илтгэсэн байна. Тухайлбал ганцхан жилийн дотор шийдвэр гаргах түвшний прокурор болчихсон хүн байна. Ийм хүнд хэн итгэж хэрэг шийдүүлэх вэ? Энэ хүн хэний эрх ашгийг хэрхэн хамгаалах гэж энэ албанд ирэв. Ийм хувалз мэт нөхдөөс салах цаг болсон гэдгийг Прокурорын байгууллагынханд сануулаад авчээ.

Монгол Улсын Ерөнхий прокурор, Нийслэлийн прокурор, аймаг дүүргийн прокурор зэрэг эрх мэдэл бүхий хүмүүсийг халж сэлгэх ажлыг Ерөнхийлөгч хийхээ ил тод зарласан гэх мэдээлэл дуулдаж байна. Түүний хувьд улс төрчийн гар хөл болсон, Авлига хээл хахуулийн хэргийг нуун дарагдуулдаг, хэрэгсэхгүй болгодог, ялсан улс төрчийн талд асуудлыг шийддэг прокурорын байгууллага байж болохгүй. Иймээс энэ асуудлыг шийднэ гэсэн мэдээллийг өгчээ.

Нэгэн явган яриагаар бол Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорын байгууллагынхнаас хамтран ажиллаж чадах эсэхийг асуужээ. Харин тэд нэгэн дуугаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжиж, хамтран ажиллана гэсэн байна. Харин хариуд нь Ерөнхийлөгч Х.Баттулга надтай биш Монгол улстай хамтран ажиллах ёстой гэсэн хариу өгчээ.

Ийнхүү Прокурорын байгууллагыг айлгаад байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайдтай гар нийлэн ажиллах цаг тулгарч байна. Түүний хувьд Ерөнхий сайдын өргөн барьсан Засгийн газрын сайд нарын нэрстэй танилцаж зөвшилцөх хариу өгөхдөө “Шударга ёс хамгийн их ярьдаг хүн бол та. Та энэ нийгэмд шударга ёс алдагдсан гэдгийг байнга сануулж байгаа. Иймээс энэ үгнийхээ төлөө ажиллана гэдэгт итгэж байна” хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид сануулсан билээ.

Ц.Нямдоржийн хувьд УИХ-аар сайдад сонгогдох эсэхээ шийдүүлэх үедээ зарим гишүүдийн асуултад хүчтэй, бас чанга хариулалтыг өгч харагдсан. Түүний хувьд С.Зоригийн хэргийн нууцлалыг задруулна.Цагдаагийн дарга нарыг өөрчлөх тухай ч үг унагаад амжсан билээ. Ц.Нямдоржийн хувьд Хууль зүйн салбарт тулгарсан, завхарсан асуудлыг шууд шийдээд явна. Ингэхдээ олон хүнийг гомдоож, зарим хүнд дайсан болно гэдгээ ч хэлж байгаа харагдана. Тэгэхээр түүний хийх ажлын олон шийдэл нь ноцтой, бас түмэнд тустай байх болно гэсэн хүлээлт зарим иргэдэд төрж эхэллээ.

Ц.Нямдоржийн хувьд цагдааг сайжруулаад хуулийн хэрэгжилт хангагдахгүй. Дээр нь Прокурор, шүүхийн салбарт өөрчлөлт орох ёстой. Тэгсэн нөхцөлд шударга ёсны асуудлыг хүчний байгууллагаас нэхэх боломжтой гэдэг тайлбар өгч байв. Түүний дээрх хүсэлтийг хэрэгжүүлэх хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэгэхээр Х.Баттулга, Ц.Нямдорж гэсэн хоршил хууль зүйн салбарт өрнөж эхлэхээр болж байна. Хэдэн жилийн өмнөөс нэг нэгнээ хэмлэж ирсэн хоёр эрхэм цаашид хэрхэн хамтарч ажиллаж чадах бол. Тэдний хамтын ажил үр дүнд хүрэх үү? гэсэн асуулт яах аргагүй олон хүнд төрж байна. Гэхдээ тэд чадна гэсэн хүлээлт түүнээс ч олон хүнд бий болж эхэлжээ.