АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Asuudal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй

Эрх баригч МАН-ын сандал суудлын хуваарилалт дуусаагүй байна. Засгийн газарт орсон сайд нарын зарим нь давхар албан тушаалтай байсан. Тодруулбал УИХ-ын дэд дарга, байнгын хорооны дарга гэх мэт албан тушаалыг хашиж байсан юм. Иймээс эдгээр албан тушаалд хэн хэн очих талаар зөвлөлдөж эхэлсэн байна.
МАН-ын 65-ын бүлэг хоёр хуваагдсан. Энэ ч үүднээсээ УИХ-ын дэд даргын суудлыг хэнд өгөхөө хэлэлцэж эхлээд байна. 33-ын бүлгийн зүгээс УИХ-ын дэд даргын суудалд Ж.Энхбаяр гишүүнийг нэр дэвшүүлээд байна. Түүний хувьд одоо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм. Батлан хамгаалахын сайдад нэр нь яригдаж байсан ч өөрөө засагт орохоос татгалзсан нэгэн. Харин энэ удаад түүнийг дэмжигч гишүүдийн зүгээс УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн орыг залгах ёстой гэж үзэж байгаа гэнэ.
Харин 32-ын бүлэг буюу Ж.Эрдэнэбатын талынхан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн нэрийг дэвшүүлээд байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороог удирдаж байгаа түүнд итгэл хүлээлгэх нь зүйтэй гэж тэд үзжээ. Шадар сайдад нэр нь яригдаад унасан Л.Энх-Амгалан гишүүн дахиад л унаж мэднэ. Учир нь Ж.Энхбаярын нөлөө УИХ дахь эрх баригч намын 65 гишүүний дунд өндөр гэсэн таамаг явж байна.
Ямартай ч хэнийг нь УИХ-ын дэд дарга болгох эсэхээ 65 гишүүн эцэслэн шийднэ. Шийдэхийн тулд дахиад л зөвшилцөж таарах нь байна. Дундаас нь Ч.Улаан гишүүн нэрээ дэвшүүлэн гарч ирэх магадлал ч байгаа юм.
МАН-ын удирдах зөвлөлөөс дээрх 3 эрхмийн нэрийг МАН-ын бүлэгт оруулжээ. УИХ дахь МАН-ын бүлэг нэр дэвшигч нар дээр санал хураахад хамгийн олон саналыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан авч УИХ-ын дэд дарга боллоо. Түүнийг УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр хэлэлцсэн бөгөөд гишүүдийн 98,5 хувийн саналаар дэд даргаар томилогдсон юм.
Сэтгэгдэл
Нийт: 0 сэтгэгдэлтэй