Ц.Нямдорж: С.Зоригийн хэргийг буруу шийдсэн бол алдаагаа яаралтай засах ёстой

Ц.Нямдорж: С.Зоригийн хэргийг буруу шийдсэн бол алдаагаа яаралтай засах ёстой

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн 7 хоногийн сүүлийн ажлын өдөр буюу баасан гарагт Цагдаа, хүчний байгууллагын удирдлагын хүлээн авч уулзсан билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлаа өгсөнөөс хойш 5 жилийн дараа салбартаа дахин томилогдон ирж байгаа нь энэ.

Өнгөрсөн хугацаанд болсон хууль зүйн салбарын бүхий л ажлыг харсан, хөндлөнгөөс дүгнэсэн. Цаашид засаж сайжруулах, алдаа дутагдлыг нь арилгах дээр анхаарна. Үүний нэг нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэг. Энэхүү хэргийг тагнуулын байгууллага шалгаж, шүүх шийдвэрлэсэн. Гэхдээ захиалагч нь байгаа. Захиалагчийг нь тодруулах үүднээс хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уг үйл явцыг буруутгаж байгаа билээ. Тэрээр УИХ-ын индер дээрээс уг хэргийг хуулийн хүрээнд шийдээгүй гэсэн шүүмжлэлийг тогтмол илгээж байсан юм. Харин энэ удаад засаж залруулах үүргийг хүлээнэ гэнэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь Цагдаагийн удирдлагыг хүлээн авч уулзахдаа: Монголын ард түмний анхаарлыг татаад байгаа талийгаач С.Зоригийн хэргийн шийдвэрлэлттэй холбоотой асуудал байна. Даргын зөвлөлийн гишүүдтэй уулзаж байгаа гол шалтгаан бол уг хэрэг.  Тагнуулын байгууллага шалгасан, цагдаагаас хол байсан гэж та хэд өөрсдийгөө өмөөрөх хэрэггүй.  Цагдаагийн мэргэжлийн алба уг хэрэг дээр ажиллах ёстой.  Энэхүү хэрэг бол  тагнуулын биш цагдаагийн харьяаны л хэрэг. Хүн амины хэргийг цагдаа шалгах үүрэгтэй. Хэзээ тагнуул шалгадаг болчихсон юм.Захиалагчийг нь илрүүлэх ажлын хэсэг байгууллаа л гэсэн. Гэтэл үр дүн нь хаана байна. Тэр тагнуул, прокурортойгоо холбогдож, захиалагчийг нь зарлах хэрэгтэй. Хэрэв захиалагч нь олдоогүй бол олдоогүй гэдгээ хэлэх цаг болсон. Ер нь бол хүн амины хэргийг шалгах хамгийн том үндэслэл бол эхлээд захиалагчийг нь олоод, дараа нь гэмт этгээдийг зарлах ёстой биз дээ. Энэ бол хууль зүйн зарчим, энгийн логик биз дээ.

 Энэ хэрэгт цагдаагийн байгууллага хэтэрхий хайхрамжгүй хандаж ирлээ. Энийгээ одоо зогсоо. Уг хэргээр шийтгүүлсэн хүмүүсийн гол тоглогч гэх Ц.Амгаланбаатар олон хэргийг өөртөө хүлээж байсан. Түүнд шууд итгэхэд бэрх нэгэн. Цагдаагийн байгууллага тухай бүрт нь шалгаж, худлаа гэдгийг нь нотолж байсан юм билээ. Архангайн цэнхэр суманд гурван хүний амь сэжигтэй байдлаар хохироосон хэргийг хүлээсэн. Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр хэлтсээс баахан хүмүүс бөөн ажил болж шалгахад худлаа байсан шүү дээ. 2007 онд Эрдэнэтэд хүний амь нас хохирсон хэргийг ч мөн хүлээсэн байдаг. Энэ бас л худлаа байсан. 2007 онд Эрдэнэтэд нэг айлын 4 хүн гэртээ шатаж амь насаа алдсан хэрэг гарсан. Үүнийг шалгаад цахилгаанаас үүдэлтэй хэрэг гэж цагдаагийнхан үзсэн. Гэтэл сүүлд нь Ц.Амгаланбаатар энэ хэргийг өөрөө үйлдсэн гэж мэдүүлэг өгөөд энэ дагуу хэрэг өөр тийшээ явсан байдаг. Энэ юмныхаа талаар танилцуулга өг. Найм, есөн хүний амь нас хохироосон гэж худлаа ярьж байсан хүний мэдүүлгээр л энэ бүх зүйл явлаа. Хуулийн мэргэжилтэй байтугай, жирийн хүн яриад сууж байна. Яагаад Монгол Улсын иргэн Булган гэдэг хүнийг бүтэн жил хорьчихоод гэрч ч биш хохирогч ч биш болгочихож байгаа юм. Яагаад шүүх хуралд оролцуулдаггүй юм. Тэгсэн мөртлөө Булганы хэлсэн ам зургаар хүн шийтгээд байдаг.

Захиалсан юм бол төлбөртэй байж таараа. Хэн, хэнд хэдэн төгрөг өгч хүний амь нас бүрэлгэх ажлыг зохион байгуулсан юм. Баримтгүй шийтгэчихсэн юм бол хилсээр шийтгэсэн хүмүүсийг цайруулах арга хэмжээг нэн яаралтай авах хэрэгтэй. Бид эцэг эхтэй, ах дүүтэй монгол хүмүүс. Цагдаагийн хуулийнхны хатуу сэтгэлээс гадна хүний нинжин сэтгэл байх ёстой шүү дээ. 


Хилс шийтгүүлчихсэн юм бол ар, гэрт нь өчнөөн хүн дээлтэйгээ хатаж байна шүү дээ. Өрөвдөх сэтгэл гэж зүйл байх ёстой биз дээ. 75 настай хоёр чавганц нэг нь Эрдэнэтэд нөгөөх нь Дундговьт байна. Хоёр гэр бүлийн амьдрал бүтэн сүйрлээ. Цагдаа, хуулийнхан ийм хэрцгий байж болох уу. Захиалагч гэж үнэхээр байдаг юм бол нийтэд зарлацгаа. Байхгүй юм бол гаргасан алдаагаа зас. Одоо энэ хүн амины хэргийг улсаас нуух шалтгаан байхгүй. Мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд энэ хэргийг нууцаас гаргах санал танилцуул. Түүнийг нь би Засгийн газарт оруулна. 

Сүүлийн таван жилд Эрүүгийн хэрэгт холбогдуулж хориод сүүлд нь гэм зэмгүй байсан нь тогтоогдсон хүмүүсийн жагсаалтыг улсын хэмжээгээр надад гаргаж өг.хэмээн үүрэг даалгавар өгчээ.

Тэгэхээр С.Зоригийн амь насыг санаатайгаар хохироосон гэж буруутгагдаад байгаа Ц.Амгаланбаатар нарын хүмүүсийн асуудлыг цагдаагийн байгууллага дахин шалгах нь байна. Үүний дараа хилс хэрэгт хэлмэгдсэн үү? эсвэл үнэн бодит уу? гэдгийг тодруулах үүргийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Цагдаагийн байгуулагад өглөө. Өөрөө уг хэрэгт анхаарал хандуулж, Засгийн газрын 100 хоногийн өмнө асуудлыг шийдэх бодлого баримтлахаа илэрхийллээ.