Ерөнхийлөгчийн тавьсан хориг Улс төрчдийг талцууллаа

Ерөнхийлөгчийн тавьсан хориг Улс төрчдийг талцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын тогтоол дээр хэсэгчилсэн хориг тавьсан билээ. Энэхүү хориг нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдээс  Сангийн сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатарыг дэмжихгүй гэсэн өмнөх зарчмын саналаа хамгаалсан үйлдэл гэж харагдахаар байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулга нь бүрэн эрхийнхээ дагуу УИХ-аас баталсан хууль, тогтоолд бүрэн болон хэсэгчилсэн хориг тавих эрхтэй. Энэхүү эрхийнхээ дагуу уг хоригийг тавьсан юм.

Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд Монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байна.

 Иймд эдгээр гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байна.

 Шинээр бүрэлдсэн Засгийн газар Монгол Улсын орших, хөгжихийн үндэс болдог эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч эмч, багш нарынхаа цалинг нэмэх, улмаар нийт төрийн албан хаагчдын цалинг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллах ёстой. Харамсалтай нь Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдсон даруйдаа төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох байдлаар тавин таван тэрбум төгрөг тараах санал гаргаж байна.

 Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед төсвийн хөрөнгийг үр ашиггүй тарааж улсынхаа эдийн засгийг улам бүр хүндрүүлдэг, хохироодог Сангийн сайдтай байж болохгүй. Өнөөдөр төрийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж хүсээгүй, сар бүр авдаг цалин орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаа юм.

 Өнгөрсөн жилүүдэд гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд байсан Монгол төрийн иргэдийнхээ элбэг хангалуун амьдрах хүсэл тэмүүллийг нэг удаагийн хавтгайруулж аргацаасан энэ мэт халамжийн бодлогоор удаа дараа дарж, өр зээлд ээрэгдсэн өнөөгийн түвшинд нь барьж ирсэн бодлогыг бүрэн халах цаг болсон гэж үзэж байна.

 Ерөнхийлөгч миний бие цаашид улсын төсөв, эдийн засгийг хямраан туйлдуулах зорилготой энэ мэт бодлогыг гүйцэлдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт хориг тавих болно.

Ийм тайлбарыг Ерөнхийлөгч Х.Баттулга тавьсан хоригтоо тусгаж өгсөн билээ. Уг хориг нь үндэслэл муутай, ойлгомжгүй, Төрийн ажил биш, зүгээр л сонины нийтлэл шиг байна гэж УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дургүйцэж байгаа юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд дараах тайлбарыг өгөв. 

 Харин сөрөг хүчин болох АН-ын бүлгийн зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан хоригийг хамгаалах болно гэсэн утгатай тайлбарыг хэлж байгаа юм.

УИХ дахь АН-ын бүлгийн төлөөлөл болох Ж.Батзандан гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг дараах байдлаар өмгөөлсөн юм.

 Ийнхүү Ерөнхийлөгчийн тавьсан хориг Улсын их хурлын гишүүдийн дунд чамгүй хэлэлцүүлгийг өрнүүлэх бололтой. Ялангуяа хууль эрх зүйн хүрээнд хориг тавигдаагүй. Зүгээр л явган яриа мэтээр хориг тавих ёсгүй гэж эрх баригч МАН-ынхан шүүмжлэхийн хажуугаар бас дахин тавих хоригтоо анхаарахыг сануулсан.