У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн тусламжтай М.Энхболд буланд шахаж эхэллээ

У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн тусламжтай М.Энхболд буланд шахаж эхэллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга ярьсан шигээ биш, өөр улс төрийг өрнүүлж эхэлсэн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүнд байдалд оруулчихлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга нь хэдхэн хоногийн өмнө У.Хүрэлсүхийн оруулж ирсэн багийг дэмжинэ хэмээж байв. Түүний энэ үгийг сөрөг хүчний зүгээс ч өлгөн авч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг багаар нь дэмжих болно гэж мэдэгдэж байв.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын сайд нарын нэрсээс Ч.Хүрэлбаатарт татгалзсан. Ардчилсан намын бүлэг ч мөн л Ч.Хүрэлбаатарыг дэмжээгүй. Засгийн газрын сайд нарыг томилсон УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчилсэн хориг тавив. Түүний хориг нь мэдээж хэрэг эхнээс нь дэмжээгүй Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг эсэргүүцэх байлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан хориг, түүний тамгын газрын дарга З.Энхболдын нийгмийн сүлжээнд илэрхийлж байгаа байр суурь нь эрх баригч намыг дахин хагаралдуулах шалтгаан болчхов. Засгийн газраа эрх баригч нам зөвшилцөж байгуулсан хэдий ч дахин зөвшилцөхөөс өөр нөхцөлд байдал байхгүй болжээ.

Ч.Хүрэлбаатар сайдыг унагаах боломж УИХ-ын гишүүдэд бүрдээд эхэлчихлээ. 65 гишүүнтэй МАН-ынхан нэг талдаа гарахгүй бол Ч.Хүрэлбаатар унана. Ийм нөхцөлд өнөөх бяртай засгийн газар будаа болж харагдах сөрөг талтай. Сайд нараа томилж, танхимаа бүрдүүлчхээд 14 хонож чадахгүй нэг сайдаа тавиад туух нь У.Хүрэлсүхийн цаашдын улс төрд сэвтэй юм. Иймээс л У.Хүрэлсүх аргаа барж, 32-ын бүлгийг царайчлахаас өөр арга байхгүй. Учир нь сөрөг хүчин АН бол Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих болно.

 Ч.Хүрэлбаатарыг хамгаалж үлдэхийг У.Хүрэлсүх хүсч байгаа бол 32-ын бүлэгтэйгээ дахин тохиролцохоос өөр арга үгүй. Ийм л шахалтыг 32-ын бүлгийнхэн үзүүлээд эхэлжээ. Ж.Эрдэнэбат 32-ын бүлгийг ахалж байгаа. Түүний хувьд санаа бодлоо нэгтгэж, байр сууриа тодорхой болгож, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал тавьсан мэдээлэл дуулдаж байна. Түүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй УИХ-ын дарга М.Энхболд уулзсан мэдээлэл ч байгаа юм. Уулзалтаар Ч.Хүрэлбаатарыг хамгаалж үлдсэн нөхцөлд албан тушаалын томоохон болзлыг 32-ын бүлгийнхэн 33-ын бүлгийн толгойлогч У.Хүрэлсүхэд тулгаж эхэлжээ. Тэр буланд шахагдаж эхэллээ.