Тагнуулын Ерөнхий газрын даргаар Д.Гэрэл томилогдоно

Тагнуулын Ерөнхий газрын даргаар Д.Гэрэл томилогдоно

Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болно. Уг хуралдаанаар Тагнуулын Ерөнхий газрын даргыг өөрчлөхөөр болжээ. Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр Тагнуулын Ерөнхий газрын даргад 4-5 хүний нэр яригдсан байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 2 хүний нэрийн санал болгосон  мэдээлэл байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд дээрх хоёр нэрнээс нэгийг нь сонгож, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулж байгаа бололтой.

Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр бол Тагнуулын Ерөнхий газрын даргаар Д.Гэрэл эргэн ирэх мэдээлэл байна. 2013 онд Тагнуулын Ерөнхий газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөж байсан түүний хувьд ийнхүү 4 жилийн дараа салбартаа эргэн ирж байгаа юм.

2013 онд Д.Гэрэлийг Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байхад нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ажлаас нь чөлөөлж байсан юм. Үүний дараагаар Д.Гэрэл нь дипломат албанд шилжиж, БНСУ-д ажиллаж байсан билээ.

Тагнуулын Ерөнхий газрын даргыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх бие даан шийдээгүй гэсэн мэдээлэл гарч байна. Түүний хувьд нэгд Хууль зүй, дотоод хэргийн сайдтайгаа зөвлөлдсөн. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгатай санал солилцож, нэгдсэн байр сууринд хүрсэн гэх мэдээлэл дуулдаж байгаа юм. Тал талын зөвшилцөлд хүрсэн учраас өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцыг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Д.Гэрэлийг томилох шийдвэрийг гаргана гэдгийг эх сурвалж өгүүлж байна. 

Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцыг ажлаас нь чөлөөлөх хэд хэдэн үндэслэл байгаа гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэнэ. Хамгийн том шалтгаан нь Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцын хийсэн мэдэгдэл. Учир нь Тагнуулын байгууллагын дарга нь улс орны эрх ашигт ноцтой мэдээллийг л олон нийтэд түгээх ёстой. Түүнээс хардсан, баримт нотолгоо хангалттай биш мэдээллийг түгээх ёсгүй гэж эрх баригч намынхан тайлбарлаж байгаа гэнэ.