Б.Хурц ажлаа өгөөд л элчин сайд болох нь тэгээд шударга ёс уу?  

Б.Хурц ажлаа өгөөд л элчин сайд болох нь тэгээд шударга ёс уу?  

Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц ажлаа өгөв. Түүний хувьд ажлаасаа халагдсангүй. Харин сайн дураараа ажлаа өгсөн нэр зүүгээд үлдэж байна.

Уг нь Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн эсрэг мэдээлэл хийсэн. Энэхүү мэдээлэл нь түүнийг ажлаас нь чөлөөлөх үндэслэл болно гэж үзэж байжээ. Гэвч Б.Хурц гэдэг хүн маш том ар талтай. Дээр нь улс төр, бизнесийн бүлэглэлийн томоохон сүлжээний муу муухайг мэддэг. Эсвэл өөрөө уг сүлжээний нэгэн эд эс нь гэсэн хардлага нийгэмд төрж, явган яриа явж эхэллээ.

Учир нь ажлаасаа чөлөөлөгдсөн Б.Хурц шууд л дараагийн ажилтайгаа золгож байна. Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцыг өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар чөлөөлөв. Тэр дор нь Б.Хурцыг Бүгд найрамдах Солонгос улсад суух элчин сайдаар томилуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөх юм. Үүний дараа Б.Хурцыг элчин сайдаар томилох эсэхийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах билээ.

Тагнуулын Ерөнхий газрын дарга нарыг ажлаас нь чөлөөлөөд л элчин болгодог жишиг тогтож байх шиг байна. Сая уг албан тушаалд очсон Д.Гэрэл нь мөн л 2013 онд ажлаасаа халагдаад бас л элчин сайдаар томилогдож байсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт олон хүн итгэж, бас хүлээж байсан. Гэтэл тэрхүү итгэл, хүлээлт нь талаар болох шинжтэй болж ирлээ. Учир нь хийж байгаа томилгоо, хэрэгжүүлж байгаа бодлого зэрэг нь өмнө нь байсан албан тушаалтан бүртэй ижилхэн. Бизнесийн бүлэглэлийн гэгдэх хүмүүсийг л ээлжлэн албан тушаалд томилж, аль алийг нь хоосон үлдээхгүй байгаад шүүмжлэлтэй хандах болжээ.

 Үнэхээр л шударга ёс гэгчийг мөрдүүлэх гэж байгаа бол ажлаас нь халсан хүнд албан тушаал өгөөд явуулах нь зөв үү? Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь Б.Хурцыг бизнес, улс төрийн бүлэглэлийн нэг нь гэж тодорхой хэлсэн билээ. Б.Хурцын хувьд ч Ц.Нямдоржийг Эрдэнэт үйлдвэрт шахааны бизнестэй гэж тайлбар өгсөн. Гэтэл энэ хоёр эрхмээс энэ талаар асууж, нүүрэлдүүлэн шударга ёсыг байцаахын оронд нэгийнх нь үгээр ажлаас чөлөөлж, нөгөөг нь албан тушаалаар шагнаад явуулах нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын шударга ёс юм гэж үү?