Ардчилсан намын даргад өрсөлдөх Гурав

Ардчилсан намын даргад өрсөлдөх Гурав

Маргааш эхлэх Ардчилсан намын их хурлаар намын дүрмээ эхлээд шинэчлэх нь гарцаагүй. Ерөнхийдөө дүрмийнхээ рамыг босгочихсон. Өнөөдөр ҮЗХ-гоор хэлэлцээд бараг л дууссан гэж байна. Тэгэхээр Их хурлаараа жижиг засвар оруулах төдийхөнөөр санал хураагаад баталж авна.

Харин Ардчилсан намын их хурлын хамгийн гол, бас хамгийн халуун сэдэв нь намын даргаа сонгох болов уу. Тус намд өрнөж байгаа яриагаар бол намын даргын төлөөх гол өрсөлдөөн МҮДН, Шонхор, МоАН гэсэн фракцын дунд гал асна. Алтангадас, МоАХ, Нэг ардчилал фракцын хувьд зөвхөн хэн нэгэнд нь дэм болох. Түүнээсээ ашиг хүртэж, намынхаа аль нэг албан тушаал дээр өөрийн хүнийг зоох арга барилаар их хуралд оролцох бололтой.

Шонхор: Тус фракцын тэргүүнээр С.Эрдэнэ ажиллаж байгаа. Уг нь одоогийн намын дарга З.Энхболд энэ фракцаас гаралтай. Уг фракцыг өлгийдсөн эрхэм. Түүний хувьд тулаанд оролцож болохгүй. Харин шонхор фракцыг хөшигний цаанаас дэмжиж суухаас өөр арга байхгүй. Харин намын даргын төлөөх тулалдаанд С.Эрдэнэ давшилж явна. Түүний хувьд их хурлын төлөөлөгч бүртэй уулзах гэж хичээж байгаа гэх мэдээлэл байна. Аймаг, сум, дүүрэг хороогоор нь энэ тэнд цуглуулан өөрийнхөө намын дүрмийн шинэчлэлээ танилцуулж, бодлогоо ярьж яваа сурагтай. Тэрээр багагүй бэлтгэл хангасан гэх мэдээлэл бий.

МоАН: Тус фракцын хувьд ҮЗХ дотор маш том нөлөөтэй болж чадсан. Үүнийхээ нөлөөг Их хурал дээрээ алдахгүйн тулд бас л ажиллаж байна. Энэ фракцын хувьд намынхаа дүрмийн шинэчлэлийн гол ноён нурууг босгосон. Тус фракцынхан анхан шатны нэгжээрээ дүрмийн төслийг хэлэлцүүлж, тэдний санал бодлыг сонссон. Үүгээр зогсохгүй орон нутгийн сонгуульд намынхантайгаа хамтарч хамгийн сайн ажилласан гэх дүр төрхийг бүрдүүлээд байна. Бүхий л аймаг, сум, хороонд очиж сургалт зохион байгуулсан. Намаа орон нутгийн сонгуульд ялуулахын төлөө их ажлыг хийсэн гэдэг тодотголтойгоор намынхаа их хуралд оролцоно. Тус фракцын тэргүүн Г.Батхүү намын даргын өрсөлдөөнд маш том хүчтэйгээр орж ирэх нь гарцаагүй. Түүний хувьд хэдийгээр намын дарга болно гэж мэдэгдээгүй ч журмынх нь нөхөд түлхэж гаргаж ирээд хариуцлага үүрүүлэх гэж үзэж магад үгүй.

МҮДН: Тус фракцын хувьд намынхаа их хурлын зохион байгуулалтыг атгаж байна. Нэг үгээр хэлбэл анхан шатнаас хэнийг хэрхэн сонгох вэ? Яавал өөрийнхөө хүнийг их хуралд төлөөлөгчөөр сонгох вэ гэх мэт асуултыг тавьж, дүрмийг боловсруулсан. Тэдний хувьд өмнөх хоёр фракцтай харьцуулахад төдийлөн хүч гаргахгүй байгаа. Гэхдээ бусад дэмжлэг авах фракцаараа дамжуулан базах тооцоог хийж суугаа. Тус фракцаас УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат намын даргын өрсөлдөөнд зүтгэнэ. Д.Эрдэнэбатын хувьд алтан гадас фракцын тэргүүн Н.Алтанхуягыг АТГ-т очиж мэдүүлэг өгөхөд цуг явсан. Үүний цаана алтан гадасчууд Д.Эрдэнэбатын зүг чигийг заахад хүчээ өгөхөөр болсон гэсэн үг. МоАХ фракцынхан ч ялгаагүй мөн л Д.Эрдэнэбаттай зүтгэж мэднэ.