Б.Хурцын томилгоог Ерөнхийлөгч захиалж, Ерөнхий сайд гүйцэтгэв үү

Б.Хурцын томилгоог Ерөнхийлөгч захиалж, Ерөнхий сайд гүйцэтгэв үү

 Төрийн ордонд Б.Хурцыг Элчин сайдаар томилох тухай байнгын хорооны хуралдаан ширүүхэн уур амьсгалтай өрнөсний эцэст 76 хувиар дэмжив. Ер нь сүүлийн үед Монголын улстөрд Б.Хурц, Ц.Нямдорж гэх хоёрхон хүн байгаа мэт л хамаг хэрэг асуудалд нэр нь холбогдож байгаа.

Гэхдээ хэн ч байлаа гээд Ерөнхийлөгчийн ивээлд л багтсан бол яаж ч унаад, яаж ч огцорч, халаа сэлгээнд өртлөө гээд Элчин сайдаар томилогдоод “амралт” эдлэх эрхээ авчихдаг жишигтэй. Энэ удаад ч Б.Хурцын асуудал гэрлийн хурдаар өрнөж, ажлаа өгүүт шуудхан л Элчин сайд болох томилгоо нь шийдэгдчихлээ.

Гэтэл Элчин сайдуудын томилгоог ингэж шуурхай шийдчихдэггүй юм билээ. Тухайлбал, Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил “Ер нь бол журам, горим гэх зүйл байхгүй болжээ. Жишээ нь, Япон улсад суух Элчин сайдаар томилох хүний асуудал 130 хоног хүлээгдэж байна. Элчин сайдаа томилж чадахгүй болсон. Канадад суух элчин сайд 115, АНУ-д суух Элчин сайд 75 хоног хүлээгдэж байна. Хэзээ ерөнхийлөгч энэ асуудлаар шийдвэр гаргаж, УИХ-тай хэлэлцэх вэ. хэзээ тэр элчингүүдийг томилох вэ. Энэ бол Монгол Улсын парламентын харилцаанд гарч байгаагүй үйлдэл шүү. Элчин сайд нараа томилохгүй байна гэдэг нь найрсаг харилцаатай орнуудын хооронд байж болохгүй асуудал” хэмээн өчигдрийн хуралдааны үеэр хэлсэн.

Тэгвэл Б.Хурцыг арванэгдүгээр сарын 1-нд ТЕГ-ын даргын үүргээс чөлөөлөөд л 14 хоногийн дотор дараагийн албанд нь томилуулахаар тохироо хийчихжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдын томилгоог цөхөх юмгүй хийсэн хэрнээ Япон, АНУ, Канад зэрэг томоохон улсуудынхыг хүлээлгээд байгаа аж.

Гэхдээ Ерөнхийлөгч томиллоо гээд Засгийн газарт хэрхэн дэмжлэг хүлээв гэдэг нь сонин. Энэ талаар ч Төрийн ордонд яриад эхэлчихсэн ба Ерөнхий сайд У.Хүрэлсүх чухамдаа Ерөнхийлөгч Х.Баттулгын захиалгаар Б.Хурцыг Элчингээр томилохыг дэмжсэн ажээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хэлснээр, Засгийн газраас Б.Хурцыг өөр албанд томилох тогтоолын төсөл хэдийнэ бэлэн болсон бөгөөд тэрбээр үүнийг нийтэд дэлгэв.

Эдгээр үйл явц угаас анхаарал татахуйц байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тухайд Б.Хурцыг асуудлыг тун ч яаравчлан шийдвэрлүүлсэн. Сүүлд нь УИХ-ын гишүүд ч өчиггүй дэмжиж харагдсан гэхээр Б.Хурцыг эсэргүүцэхгүй байх тохироог төрийн тэргүүн, Ерөнхий сайдын түвшинд шийдчихсэн гэсэн үг. Нөгөөтэйгүүр Монголын төр мафижсан сүлжээнд хэрэгдчихсэн нь ч эндээс харагдах аж.

Тэгвэл шударга үнэнийг амлан байж гарч ирсэн Ерөнхий сайд маань юунд орооцолдоо вэ. Түүнээс чигч шулуун төрх шууд харагддаг ч үнэнч байдал огтоос мэдрэгддэггүй нь худлаа биш. Тиймдээ ч МАН өнөөдөр хэт олонх болж гарч ирсэн хэрнээ Шадар сайддаа түгжилдүүлээд, эцэст нь УИХ-д сөрөг хүчин байхгүй ч ах намын хоёр том фракц өөр хоорондоо ширүүн тэмцэлдэж байгаа.

Гэхдээ У.Хүрэлсүхэд хийж амжаагүй нэг ажил байгаа нь МАН-ын даргын суудал. Харин тэрбээр энэ ажлыг авна гэдэгтээ итгэлгүй байгаа нь АН, Ерөнхийлөгчтэй ойр дотно ажиллаж буйгаас нь илэрхий мэдэгдэх ажээ. Тиймээс Б.Хурцын томилгоог МАН-ын даргын суудлын тохироо гэх шивнээ гараад амжсан.

Тэгэхээр Б.Хурцыг дэвшүүлэн зайлуулах улстөрийн сонирхол Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын аль алинд бий гэдэг оргүй хоосон хардлага биш бололтой.

эх сурвалж:erennews.mn