Харүмафүжи Д.Бямбадоржид өндөр торгуулийн шийтгэл оноож болзошгүй

Харүмафүжи Д.Бямбадоржид өндөр торгуулийн шийтгэл оноож болзошгүй

Японы мэргэжлийн сумо бөхийн аварга Харүмафүжи Д.Бямбадорж 11 сарын барилдааны өмнө танхайн хэрэгт нэр холбогдсон билээ. Түүний хувьд 10 сард болдог тойргийн барилдааны үед нутаг нэгт, мэргэжлийн сумогийн доод цолтой бөх Баасандоржийг зодож танхайрсан хэрэгт буруутгагдаад байгаа юм.

Уг хэргийг Япон Улсын Тоттори мужийн цагдаагийн газар шалгалт явуулж, мөрдөн байцаах үйл ажиллагааг хуулийн хүрээнд хийжээ. Уг хэргийн газар байсан гэрч, мөн сумо бөхийн холбооны холбогдох албан тушаалтан, мөн хөндлөнгийн гэрч зэргээс мэдүүлэг авч уг хэргийг шалгасан байна. Цагдаагийн газрын шалгалт дуусч Мэргэжлийн сумо бөхийн 70 дахь аварга цолтой Харүмафүжи Д.Бямбадоржийн хэргийг Прокурорын байгууллагад шилжүүлжээ. Прокурорын байгууллагад уг хэргийг шилжүүлэхээс өмнө Тоттори мужийн цагдаа, прокурорын байгууллага хоорондын уулзалтаар дээрх хэргийг мөн ярилцсан мэдээлэл байна. 2017 оны 11 сарын 29 өдөр болсон уг уулзалтаар цагдаа, прокурорын байгууллага хоорондоо санал солилцож, ямар шийтгэл оногдуулах талаар зөвлөлдсөн мэдээлэл байгаа юм.

Японы зарим хэвлэлд гарсан мэдээллээр бол Д.Бямбадорж аваргад бусдын биед халдсан, гэмтэл учруулсан үндэслэлээр буруутгаж, их хэмжээний мөнгөн торгуулийн шийтгэл оногдуулж болзошгүй байгаа гэнэ. Ийм шийдвэрийг хууль, хяналтын байгууллагынхан гаргах болсон нэг шалтгаан нь Харүмафүжи Д.Бямбадорж аварга зодог тайлах болсон нь нөлөөлсөн гэх яриа гараад байна. Прокурорын байгууллага шийдвэрээ олон нийтэд танилцуулах хугацаа хараахан болоогүй. Тэд Мэргэжлийн сумо бөхийн холбооны дүгнэлтийг гарсны дараа шийдвэр гаргахаар болжээ. Мэргэжлийн сумо бөхийн холбооны хувьд 2017 оны 12 сарын 20 гэхэд шийдвэрээ эцэслэн гаргахаа мэдэгдсэн байна. Сумо бөхийн холбооны хувьд хууль хяналтын байгууллагаас гарах шийдвэрийг зөөлрүүлэх үүднээс хандах болов уу гэсэн таамаглал Японы хэвлэлд гарч байна.  

 Мэргэжлийн сумо бөхийн аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн холбогдсон хэрэг нь 2017 оны 10 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Япон улсын Тоттори мужийн нутаг дэвсгэрт тойргийн барилдаан өндөрлөж, дуусны дараа болсон үйл явдал юм. Тухайн өдөр Мэргэжлийн сумод барилдаж байгаа Монгол бөхчүүд уулзаж, караокед орсон байдаг. Тухайн үед том цолтой бөхийн үгийг сонсохгүй байна хэмээн дүү нартаа зэмлэл хүртээсэн Д.Бямбадорж нь цолгүй бөх Токаниава Баасандоржийн толгойд цохиж гэмтээсэн нь ийм хэрэг дэгдэх шалтгаан болсон юм. Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны эрсдэлийн удирдлагын багийн дүгнэлтэд том цолтой бөхийн үгийг хүлээн авч, сонсоогүй Токаниава Баасандоржийн үйлдэл нь ийм хэрэг гарахад нөлөөлсөн хэмээн үзсэн байх магадлалтай гэнэ.