Д.Сарангэрэлийн томилгоонд саад болсон дархан аваргын эхнэр

Д.Сарангэрэлийн томилгоонд саад болсон дархан аваргын эхнэр

Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяаг авлигын хэргээр баривчлан хорьсон гэх асуудал өнөөдрийн дуулиан болж байна. Хэвлэлүүд Б.Нарантуяаг хорьж цагдсан, авлига авсан хэм хэмжээний тухайд л таамаг дэвшүүлж байгаагаас цаад учрыг нь сайн ухахгүй байна. Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хүн Эрүүл мэндийн хөгжийн төвийн даргаар очих болж, тус төвийн даргаар ажиллаж байгаа Б.Нарантуяаг зайлуулах баримт факт цуглуулсан нь ийм байдалд хүргэсэн аж. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад удаагүй ч зарим агентлаг газар, Төрийн нарийн бичгийн дарга нарыг халах сэлгэх ажиллагаа явагдсаар байна. Тодотгож хэлбэл, УИХ, МАН-ын Их, Бага хуралдаанд түүнийг дэмжсэн нөхдүүд томилгоондоо яарч байгаа нь янз бүрийн хэлбэрээр илэрч байна.

Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дарга Р.Содхүүгээр оролдоод яаж ч чадсангүй, түр амасхийлээ. Уг нь Б.Нарантуяагийн авсан гэх авлига нь эмч нарын эмчлэх эрхийн лицензээ гардсан хүмүүсийн талархал төдий зүйлс болохыг зарим эх сурвалж хэлж буй. Хувийн чанартай талархал нь ийнхүү Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар санаархаж байгаа Д.Сарангэрэлийн гэх нөхрийн хараанаас мултарч чадаагүй бололтой. Энэхүү хувийн чанартай мэдээллийг дотроос нь баримтжуулан гаргаж өгсөн гэх бүсгүйн тухай ч албан бус эх сурвалж дурдаж байна. Үүнд холбогдох далд мэдээллийг одоохондоо нууцалж байгаа ч цаг нь ирэхээр гаргаж дэлгэнэ гэдгээ ч хэлсэн. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэмжсэн олон хүний гуйлт бий, түүнчлэн Д.Сарангэрэлийг сайдын суудалд дэмжсэн нөхдийн цуваа ч тасрахгүй. Тэгэхээр Эрүүл мэндийн сайдыг шахаанд оруулсан нэг нөхөр Б.Нарантуяагийн тухай баримт факт гарган хөөцөлдөж яваагаас хол зайлахгүй биз ээ.

Мэдээллийн хэрэгслээс харахад Б.Нарантуяа нь Анагаахын их сургууль төгссөн оюутнуудад эмчлэх эрхийн лиценз олгохдоо 15 хүнээс их хэмжээний мөнгө авсан болох нь шалгалтын явцад тогтоогдсон гэжээ. Ямартай ч Б.Нарантуяа энэ хэргийг нэг тийш болгохын тулд ажлаа өгч таарна. Тэгэхээр Д.Сарангэрэл сайдын хүн шууд томилогдох нь тодорхой болж байна. Ийнхүү Эрүүл мэндийн хөгжийн төвийн даргын суудалд санаархагч нь суудалдаа суусан хойно Б.Нарантуяагийн хэргийг үндэслэлгүй хэмээн хааж орхих магадлалыг ч эх сурвалж хэлсэн. Байдал ийм л байна. Хоёрдугаар ээлжинд хоолондоо орох гэсэн МАН-ын оочёр дугаар ийнүү нэгнээ намнаж байхыг ч үгүйсгэхгүй. Ерөөсөө албан тушаалд улайрагчид хэн нэгний эрх ашгийг хөндөх нь бүү хэл зохиомол хэрэг ч үүсгэж чаддаг шүү дээ.

Тэгээд ч Б.Нарантуяа нь Архангай аймгаас сонгогдсон залуу гишүүний нэр нөлөөгөөр тус төвийн дарга болсон бөгөөд 33, 32-ын бүлэг дундын зодооны золиос ч болж байхыг үгүйсгэх арга алга.

Х.Баатар

эх сурвалж: Шуурхай.мн