Ерөнхийлөгч Х.Баттулгын гарыг гавлаж, хөлийг туших гэсэн МАН санаархал

Ерөнхийлөгч Х.Баттулгын гарыг гавлаж, хөлийг туших гэсэн МАН санаархал

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх хэлэлцүүлэг салбар салбарт өрнөж байна. Уг өөрчлөлтийг хэзээ хэрхэн хийх, хэчнээн өөрчлөлт оруулахыг ажлын хэсэг боловсруулна. Одоогийн байдлаар эрдэмтэн судлаачдын дунд энэ хэлэлцүүлэг өрнөж байна гэхэд болно.

УИХ-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулж, шат шатандаа хэрэгжүүлэх ажлыг хийж байна.Үндсэн хуулийн өөрчлөлт нь зөвхөн УИХ-д суугаа 76 гишүүний ажил биш. Харин салбар салбарын төлөөллийн санал дээр тулгуурлаж, боловсруулсан хууль байх ёстой гэж үзэх хэсэг олон.

Монгол Улсын Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль нь 1992 онд батлагдсан. 2000 онд 7 өөрчлөлт орсон байдаг билээ. Үүнээс хойш үндсэн хуульд өөрчлөлт ороогүй. Харин сүүлийн долоо, найман жилийн хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар олон хүн ярих болсон. Улсын Их хурлаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах дэгийн тухай зохицуулсан хуулийг хүртэл баталсан байдаг.

Одоо яригдаж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн анхаарал татаж байгаа нэг өнцөг нь Ерөнхийлөгчийн эрх мэдэл. Түүнийг хэрхэн зохицуулах тухай юм. Одоо олон хүн Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд байгаа засаглалын эрх мэдэл нь алдаатай гэж үздэг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын эрх мэдэл давхацсан. Мөн нөгөө талдаа УИХ-ын даргын эрх мэдэл өндөр. Энэ гурван албан тушаалтан хэтэрхий эрх мэдэлтэй мэт боловч, хэн хэнийгээ ажил хийлгэхгүй байх гажуудалтай тул засах хэрэгтэй гэж үздэг. Үүнийг далимдуулж, одоогийн эрх баригч МАН-ын зүгээс Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хазаарлах сонирхол өндөр болжээ гэж хардаж болохоор байна.

Ерөнхийлөгч гэх ойлголт 1990 онд бий болов.  Тухайн үед  1960 онд батлагдсан  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийг бий болгосон юм. Тухайн үед Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог, парламентын өмнө хариуцлага хүлээдэг байхаар хуульд тусгаж өгчээ.   

Ардын их хурлаас 1992 онд Үндсэн хуулийг батлахдаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд томоохон өөрчлөлтийг оруулж өгсөн байдаг. Тухайлбал  парламентын засагтай улсын Ерөнхийлөгчийн гол гол эрхүүдийг эдлүүлсэн. Үүн дээр нэмээд Ерөнхийлөгчийн засаглалтай орны жишигт байдаг Хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх зэрэг тодорхой бүрэн эрхийг эдлүүлэхээр нэмж өгчээ. Ингэснээр парламент Засгийн газрын харилцаанд Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд зуучлагч болон оролцох үүрэг давхар хүлээсэн гэж тухайн үеийн үндсэн хууль боловсруулагчид тайлбарлаж байлаа.

Харин өнөөдөр дээрх эрх мэдлийн зааг нь эв нэгдлийг хангагч биш, эвдрэлцлийг бий болгогч болж харагдаад байна гэсэн шүүмжлэл гарах болсон. Ерөнхийлөгч нь хууль санаачлах эрх байж болохгүй. Мөн засагт чиглэл өгөх нь буруу. УИХ-аас баталсан хуульд хориг тавих хэтэрхий их эрх мэдэлтэй байгаа нь гажуудал гэх шүүмжлэл гарах болов.

 

Ерөнхийлөгч хууль санаачлах нь нөгөө талдаа хориг тавих эрх мэдлээ ашиглахгүй байх гажуудалтай гэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн тайлбарлаж байна. Тухайлбал Ерөнхийлөгч нэг хууль санаачлана. Уг хууль нь Засгийн газрын байр суурьтай зөрчилдөж байхад УИХ-аас баталлаа. Ийм нөхцөлд Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуульд хориг тавихгүй. Иймээс л энэ асуудлыг засах ёстой гэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн тайлбарлаж байна. Харин нөгөө талд нь бодит жишээг авч үзэх хэрэгтэй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ 8 жилийн хугацаанд 63 хууль санаачлан УИХ-д оруулжээ. Ердөө л 29 хууль нь батлагдсан байна. Үүний шалтгаан нь эрх баригч намын дэмжлэг юм. Хэрэв Ерөнхийлөгчийн байр суурийг эрх баригч нам дэмжихгүй бол Ерөнхийлөгч мянган сайн хууль санаачлаад батлагдахгүй гэсэн үг. Ийм нөхцөлд заавал Үндсэн хуулиас Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах нь буруу гэсэн байр суурьтай хүн олон байна.

 

Нөгөө талдаа УИХ-ын гишүүн жижиг 76 тойргоор сонгогдсон нөхцөлд 5-15 мянган хүний санал авч гарч ирдэг. Харин өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга 600 мянга орчим хүний санал авсан.  Сонгогчдын 50+1 хувийн саналтай Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийг эдлэх нь зөв гэж олон нийт үзэж байна.

Ерөнхийлөгчийн хувьд хуульд хориг тавих замаар эрх эдэлж байгаа. Гэвч энэ нь өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх боломжийг хангахгүй. Тухайлбал Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд 2 удаа хориг тавив. Энэ хүрээнд эрх баригч МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй гэж шийдлээ. Үүний цаана эрх баригч намын бодлого л үйлчилж байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хувьд зохих эрх мэдлээ хадгалж үлдэх нь туйлаас чухал. Ийм нөхцөлд эрх баригч намын бурууг ухааруулж, алдааг засах боломжтой гэж олон нийт хардаг. Харин эрх баригч МАН-ын хувьд Х.Баттулгын эрх мэдлийг бүрэн хазаарлаж, 2021 онд УИХ-аас Ерөнхийлөгч гаргах санаархлыг битүүхэн тээж эхлэв бололтой. Үүний нэг шалтгаан нь Үндсэн хуульд оруулах гэсэн өөрчлөлт. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хаах гэсэн явуулга гэж болох юм.