Мишээл группийн эзэн Б.Энх-Амгалан Зам тээвэр хөгжлийн сайдад нэр дэвшинэ

Мишээл группийн эзэн Б.Энх-Амгалан Зам тээвэр хөгжлийн сайдад нэр дэвшинэ

Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа билээ. Түүний хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авах нь тодорхой. Тун удахгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2 сайдыг чөлөөлөх хүсэлтээ УИХ-д оруулж ирнэ. Харин үүний дараа УИХ-аар 3 сайдыг томилох эсэхийг шийдэх юм.

ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг нэр дэвшүүлээд байгаа. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн. Одоо УИХ-аар хэлэлцэх л үлдэв.

Харин БСШУС-ын сайд Б.Цогзолмаа, Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар нарын орыг залгах хүмүүсийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгох ажлыг хөшигний цаана явуулж байна.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан зээл ш дээ. Яасан их сүржигнэж байгаа юм хэмээх үг ярьж суусан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Зам тээвэр хөгжлийн сайд болохоор зүтгэж байгаа гэнэ. Мишээл группийн эзэн, Хан-Уул дүүргийн нисэх орчмоос УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүний хувьд 2016 оны сонгуулийн өмнө болон дараа нь УИХ-ын дарга М.Энхболдын бөөрөнд наалдаж явсан гэдэг. Б.Энх-Амгалан уг нь хотын фракцынхантай их л ойр нөхөрлөж байсан. Яагаав 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны бэлтгэл хангах үйл явцад М.Энхболдын хажууд байж, С.Ганбаатар болж жүжиглэж байсан шүү дээ хэмээн олон нийт ярьж байна.

Харин энэ эрхэм 2017 оны сүүлээс эхлэн У.Хүрэлсүхийг бараадаж, түүний талд дуугарч, түүнийг өмгөөлөх гишүүдийн нэг болжээ. Үүнийхээ шагналыг хүртэж Зам тээвэр хөгжлийн сайд болохоор зүтгэж эхэллээ хэмээн улс төрийн хүрээнийхэн ам уралдан ярьж байна.

Өмнө нь НИТХ-ийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан түүний хувьд иргэдийн төлөө хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлого маруухан гэх юм билээ. Өнөөдөр ч УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллачхаад тойрогтоо хийсэн ажил, хэлэх үг үгүй л яваа нэгэн гэж нисэхийн иргэд ярьж байна.

Ийнхүү хууль тогтоох байгууллагад 2 жил гаруй суусан нь доривтой ажил хийгээгүй гэх тодотголтой эрхэм Зам тээвэр хөгжлийн сайд болохоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ар өвөрт нь гүйж, албан тушаал авчих гэж хичээж байгаа сурагтай.