Хууль зөрчин нэг хүнд 3 давхар дээл өмсүүлчихлээ

Хууль зөрчин нэг хүнд 3 давхар дээл өмсүүлчихлээ

Цагаан сарын өмнө хэд хэдэн өндөр албан тушаалтны томилгоог эрх баригч МАН шуурхайлан хийсэн билээ. Тэр дундаа хууль тогтоох дээд байгуулллагын зүгээс Засгийн газрыг 3 сайдыг чөлөөлж, нэмж томилох ажлыг хийсэн билээ.

Тухайлбал ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан, Монгол улсын сайд Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн. Мөн томилчихсон билээ. Гэтэл...

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг чөлөөлүүлэх хүсэлтийг Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-д өргөн бариагүй. Харин УИХ-ын даргад нэр дэвшүүлж байгаагаа МАН-ын удирдах зөвлөлд оруулж, намынхаа удирдах зөвлөлөөс гаргасан саналыг УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулсан билээ. Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж хэлэлцүүлсэн юм.

2019 оны 02 сарын 01 өдөр болсон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохыг хуралд оролцсон 13 гишүүн санал нэгтэй дэмжсэн билээ. Харин тухайн өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны албан мэдээнд ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай үсэг, үг, өгүүлбэр алга. /  http://parliament.mn/n/ftcy  эндээс харна уу /

Ийнхүү УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох санал дэмжигдсний дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцүүлсэн билээ. УИХ-ын нэгдсэн чуулганд байнгын хороонд танилцуулсан танилцуулгыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулж, Байнгын хорооны санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан мөн танилцуулсан юм. Уг танилцуулгын албан мэдээнд мөн л ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг чөлөөлөх тухай үг өгүүлбэр огт алга. / http://parliament.mn/n/ficy эндээс албан мэдээг харна уу /

Мөн өмнөх албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй ч дараагийн албан тушаалын дээлээ давхарлаж өмссөн эрхэм бол БСШУС-ын сайт Ё.Баатарбилэг билээ.

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг БСШУС-ын сайдаар томилсон. Харин түүнийг байнгын хорооны даргаас чөлөөлөөгүй билээ.

 Ё.Баатарбилэг нь УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга юм. Нэг үгээр хэлбэл сайдаар очсон салбарынхаа дээд байгууллагын дарга нь гэсэн үг. Ийнхүү Ё.Баатарбилэг гэдэг эрхэм яг одоогоор хүчин төгөлдөр, хуулийн хүрээнд эрх эдлэх боломжтой УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга, БСШУС-ын сайд гэсэн гурвын гурван давхар албан тушаалыг хашиж байна.

Угтаа бол хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих ёстой УИХ нь өөрөө ийнхүү хуулийг илт зөрчөөд байхаар хэн хаана хуулийг зөв хэрэгжүүлж, хэн хаана хуулийг зөв тайлбарлаж чадах билээ.

Дээрээ суудлаа олохгүй бол доор гүйдлээ олохгүй гэдэг шиг УИХ-ын хууль тогтоох байгууллага нь хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахгүй нөхцөлд Төрийн бусад хууль хэрэгжүүлэх шатанд хуулийг завхруулах нь дамжиггүй юм аа.