Ж.Нарантунгалаг гавьяат Дэлхийн аваргын төлөө тулалдана

Ж.Нарантунгалаг гавьяат Дэлхийн аваргын төлөө тулалдана

Гавьяат тамирчин, тулаанч Ж.Нарантунгалаг “One championship” холбооны дунд жингийн дэлхийн аварга Мартин Нгуентай тулалдахаар болоод буй. Тэдний тулаан ирэх сарын 12-нд Филиппиний Манила хотноо болохоор товлогджээ. Мэргэжлийн дэвжээнд 14 ялж, дөрөв дийлдсэн амжилттай, 43 настай Ж.Нарантунгалаг гавьяат вьетнам эрийг ялбал дэлхийн аварга цолоо эргүүлэн авах юм. Түүнтэй тулалдах Мартин Нгуен 29 настай, 173 см өндөр. Мэргэжлийн дэвжээнд 14 тулалдахдаа 11-д нь ялж байжээ.  "Чингисийн цавчилт" Нарантунгалаг гавьяат маань 14 насаар дүү, тулааны спортод ид гялалзаж яваа тамирчнаас дэлхийн аварга цолыг нь булаан авч чадах эсэхийг спорт сонирхогчид шимтэн хүлээж буй бололтой.  

Ж.Нарантунгалаг өөрийн цахим хуудаснаа "Уул нь миний зорилго тийм том биш ээ. Тулаан зохион байгуулагч талтайгаа байгуулсан гэрээгээ дуустал, дуртай ажлаа сайн хийж хариуцлагатай байя л гэж бодсон юм. Харин гэр бүл, багш нар, найзууд, дэмжигч олныхоо ач буянаар чансаа ахиж дахин дэлхийн аваргын бүсний төлөө тулалдах эрхтэй болсондоо баяртай байна. Мэдээж би хичээх болно" гэж бичсэн байв.

Тэрбээр 2014 онд “One championship” холбоонд элсэн, дараа жил нь Японы тамирчин Коши Ойшийг ялж, дэлхийн аварга болсон. Гэвч 2015 онд "Кобра" хочит, ОХУ-ын тулаанч Марат Гафуровт ялагдан, аваргын бүсээ алдсан юм. Чансаагаа ахиулсаар дэлхийн аварга цолоо эргүүлэн авахын төлөө гурван жилийн өмнө түүнтэй дахин тулалдсан ч дийлдсэн билээ.