Ялгуусан сайд Ц.Нямдорж ба үнэн худал

Ялгуусан сайд Ц.Нямдорж ба үнэн худал

Цэндийн Нямдорж 1956 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн. Хуучин ЗХУ-ын Ленинградын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Монгол Улсын гавьяат хуульч цолтой. УИХ-ын гишүүнээр 1992 оноос хойш тасралтгүй сонгогдсон. Төр түшсэн гуч шахам жилд таван удаа Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд, нэг удаа УИХ-ын дарга, дэд даргаар ажилласан түүхтэй. Эрхэм сайдыг нэгэнтээ монгол төрийн ой санамж гэж үнэлж хэлсэн нь бий. Үнэн.    

Монголын баруун хязгаар Увс нутгаас төрж гарсан Ц.Нямдорж сайдыгаа дагаж “Увсын бүлэглэл” гэх нэр томъёо улс төрийн хүрээнд өргөн тархаж хэрэглэгдэх болсон. Бүр “Увс хүн” гэх нэршил гаргаж, монголчуудыг гайхашруулж байлаа. “Увс хүн хөгжлийн хөтөч” гэдэг ном хэвлүүлсэн юм шүү, сайдын нутгийнхан.

Ер нь тэр “Увсын бүлэглэл” гэдэг нэг юм байгаа нь ч байгаа бололтой гэж бид ойлгосон. Энэ тухай Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын үг бий. “2004-2006 оны хооронд Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрт “ДЦС-3”-ийн захирал С.Анхбаяр гэж Увсын нөхрөөр дамжуулан 42 сая ам.долларын бараа нийлүүлсэн. Энэ гэрээг хийхэд Н.Алтанхуяг “Эрдэнэт”-ийн захирлыг “Хаан жимс” дээр дуудаж үүрэгдсэн. Ц.Нямдорж, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нар “Эрдэнэт”-д шахаа хийдэг. Д.Дорлигжавын “Эрдэнэт”-д шахаа хийсэн 800 мянган ам.долларын хэрэг сөхөгдөхөд Ц.Нямдорж хуулийн байгууллагад нөлөөлж, тэр хэрэг замхарсан. Ц.Нямдорж гэж энэ хүн Дорлигжав-Алтанхуяг гэсэн маршруттай. Бүлэглэлтэй. Энэ бүлэглэл хүчтэй. Мөнгөтэй” гэж хэвлэлийн хурал хийхдээ мэдэгдэж байлаа. Б.Хурцын энэ мэдэгдэл Тагнуулын ерөнхий газрын даргаас буухаас нь хэдхэн цагийн өмнө болсон юм.   

Тагнуулын даргын “Зөвхөн Нямдоржид” гэсэн энэ мэдэгдэл Төрийн ордонд гал хаяж, сайд яаран сандран хариу мэдээлэл өгсөн. Ц.Нямдорж “Зул бөхөхийн өмнө нэг бамбардаж асдаг юм. Тэр л болж байна. Нам дамжсан бүлэглэлд үйлчилдэг хууль, хяналтынхныг цэвэрлэнэ гэж би хэлсэн. Тэрний гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг ийш тийш болгох ажиллагаанд Б.Хурц оролцсон. Д.Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү” гэж сэтгүүлчдэд бүчүүлэн ярьж байв. Мөн “Н.Алтанхуяг биднийг Увсын бүлэглэлийнхэн гэсэн байна лээ. Бид улс төрийн хашаагаа мэднэ л дээ” гэж хариулсан яриа нь байна.  

Б.Хурц тэр өдөр “Хүүхэд нь Н.Анхбаяр, хуурай дүү нь С.Анхбаяр. Энэ хоёр Анхбаяртай холбоотой мөнгө угаасан асуудлаар шалгах гэж тагнуулаас саналаа өгөөд гурван сар болж байна. Хөдлөхгүй байна” гэх утгатай үг хэлсэн. Харин Ц.Нямдорж сайд болохоор “Миний хүү Анхбаярын тухай гарсан юмыг олон нийт ойлгосон. Нөгөө нь миний багшийн хүүхэд С.Анхбаяр. Намайг тагнахын тулд С.Анхбаяр дээр ажиллагаа хийсэн. Ийм аргатай болсон, эд нар. Тэгээд бүтэн жил намайг тагнасан шүү. Хууль хяналтынхан толгой дээр гарсан нь тэр” гээдэхсэн юм.

УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээр 30 жил хамгаалагдаж амьдарсан Ц.Нямдорж сайдыгаа ард түмэн нь өмөлзөн өмөөрч, хир халдааж байсангүй. “Шударга хүн” гэж дархалсан билээ. Гэтэл нэг л өдөр “Хятадын тагнуул. Эх орноосоо урвасан” гэж зарлагдаад, мөн ч ороогдож яваа. Бас л Б.Хурц “Гаднын тусгай албатай холбоотой байсан уу, үгүй юу гэдэг асуудал байгаа. Тагнуул дээрээс Ц.Нямдорж сайдтай холбоотой 42 хуудас баримт алга болсон нь үнэн. Тэр асуудлаар генерал Ж.Баатар өөрөө (42 хуудас баримт алдагдсан гэх үед ТЕГ-ын дарга байсан) гомдол гаргасан. Үүнийг шалгах ажлын хэсэг гарсан. Одоо нууцлалаас гаргахад болно” гэж ярьсан. Харин сайд “Тагнуул биш гэдгийг маань нотолсон хоёр шатны шүүхийн шийдвэр надад байгаа” гэж хэлсэн билээ. Ийн улсын аюулгүй байдлыг хангадаг байгууллагын дарга, хууль зүйн салбарын гол толгой хоёр эрх мэдлийнхээ хүрээнд олж авсан мэдээллээрээ “бөмбөг тавьцгааж”, ордонд ноцтой нөхцөл байдлыг бүрдүүлж байсан. Юм хуучирдаггүй шүү дээ.

Алддаггүй хүн гэж үгүй. Хууль тогтоох дээд байгууллагаас баталсан хуулийг өөрийн үзэмжээр засчихсан гэдэг асуудлаар УИХ-ын даргын албан тушаалаас 2007 онд огцорсон билээ, Ц.Нямдорж.  2007 онд спикер байхдаа Аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн эцсийн найруулгыг УИХ-д танилцуулснаас хойш засвар хийсэн гэдэг асуудлаар Цэцэд очиж, цэцийн дүгнэлт гарч, гишүүдийн олонхийн саналаар төрийн зөөлөн сэнтийгээс буусан. Тэр түүхийг ярихаар “Лүндээ гишүүн бүр хууль хассан” гэдэг хоршоо яриа ч сонсддог юм. Хууль эх барьж авдаг улсууд маань сурсан эрдэм, эрх мэдэлдээ тэгтлээ ирдэж байж дээ гэж харагддаг.

Сү.Батболдыг Засаг тэргүүлж байхад, Ц.Нямдорж сайдын үед БНХАУ-аас 400 ширхэг эрүүдэн шүүдэг сандлыг улсын төсвийн 170 сая төгрөгөөр захиалан авч, бүх аймгуудад тараасан байдаг. Түүнийг нь Х.Тэмүүжин буцаан хурааж авсан юм.  “Эрүүдэн шүүх” асуудал нь ганц С.Зоригийн хэргийг шалгахад гарсан юм биш байж гэдгийг эндээс ойлгох биз.   

“Байргүй, түрээсэлдэг. Зурагтгүй” гэж ярьдаг Ц.Нямдорж гуай маань Ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроо М.Энхболдтой өрсөлдөөд Бага хурлын гишүүдээсээ дэмжлэг авч чадаагүй. Хөшигний ард ялагдсандаа ихэд шаралхаж байсан гэдэг. Дараа нь Зүүний хүчний холбоог хөдөлгөж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах улс төрийн тоглолт хийн, У.Хүрэлсүхийг Ерөнхийд зүтгүүлж өгөөд, өөрөө Гутлын хорин хоёрын хажуудах яамандаа тухалсан билээ. Ямар сайндаа дөнгөж үйлдвэрээс гарсан “Лексус-570” машин гаднаа зогсоож түмнийг шуугиулахав дээ.

Сонгууль болоход тойрог дээрээ ажиллана, яана ийнэ гэж толгой гашилгаж яваагүй ээ. Сонгогдох нь дандаа ойлгомжтой байж ирлээ. Тиймээс ч намынхаа бусад нэр дэвшигчдийн тойргийг эргэж, манай энийг дэмжээрэй, би явна шүү гэх маягийн үг хэлчихээд гардаг байсан. Энэ удаагийн танхим дахь “бор халзан хонинуудаасаа” туршлагаар хол гэсэндээ “Чи дуугай бай” гэж загнаж байгаад чуулганы микрофоныг эзэмшиж буй. Өөдөөс нь сөрчих “өвчтэй” хүн гарч байсангүй. “Чи аятайхан байгаарай”, “Чамайг мэднэ”, “Энэ дөнгөж эхлэл” гэвэл дуусчээ гэж бодмоор. Ер нь Ц.Нямдорж сайд юм ярихад зурагтаа үзэж суугаа айл ч чимээгээ аядаж сонсдог байсан даа. Тэгж шударга үнэний туйл гэж ард түмэн итгэдэг байв. Гэвч цаг хугацаа явах тусам эрхэм сайдын явсан зам мөр ямар байж вэ гэдэг олонд харагдах биз ээ.  

Улс төрийн хатуу ширүүн тэмцэл дунд яхир аашаараа дийлсэн хүн энэ “Алтжин” группийн эзэн Г.Алтанд амьтай гэж жигтэйхэн. Г.Алтан асуудалд орвол ард нь хамгаалалт хийгээд суудаг гэх үг ч дуулддаг. Өнөөдөр тэр С.Зоригийн хэрэг дээр гоцлон тоглож сууна.