Капитал банкны харилцагчдын мөнгийг өнөөдрөөс Хаан банкаар олгож эхэллээ

Капитал банкны харилцагчдын мөнгийг өнөөдрөөс Хаан банкаар олгож эхэллээ

Капитал банкнаас нөхөн төлбөр авах иргэдийн мөнгийг өнөөдрөөс Хаан банкаар дамжуулан олгож эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Хадгаламжийн даатгалын корпорациас албан ёсны мэдэгдэл гаргаад байна.


Капитал банкны харилцах ба хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэлх сая төгрөгийн дүнтэй нөхөн төлбөрийг Хаан Банкаар дамжуулан олгохоор сонгосны дагуу Хадгаламжийн даатгалын корпораци болон Хаан Банк хамтран нөхөн төлбөр олгох бэлтгэл ажлыг хангаад байна.

Хадгаламжийн даатгалын корпорациас Капитал банкинд харилцах, хадгаламж эзэмшигч иргэдийн овог нэр, нөхөн төлбөрийн мөнгөн дүн бүхий баталгаажсан жагсаалтыг санхүүжилтийн хамт Хаан Банкинд шилжүүлсэн тул  2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний 09:00 цагаас эхлэн нөхөн төлбөрийг Хаан Банкны Хавсралт 1, 2-т заасан нэгжүүдээр ажлын өдрүүдэд олгох болсныг мэдэгдэж байна.

ҮҮНД:

  • Улаанбаатар хотод 19 тооцооны төв
  • Орон нутагт 16 аймгийн 32 тооцооны төвөөр тус тус олгоно.

Капитал банкинд харилцах, хадгаламж эзэмшигч иргэдийн овог нэр, нөхөн төлбөрийн мөнгөн дүн бүхий баталгаажсан жагсаалтын дагуу бид мөнгийг ямар нэгэн шимтгэл хураамжгүй олгох бөгөөд дараах бичиг баримттай Хавсралт 1, 2-т заасан тооцооны төвүүдэд өөрийн биеэр хандаж, нөхөн төлбөрөө авна уу.

  • Харилцах, хадгаламж эзэмшигч иргэдийн хувьд иргэний үнэмлэх, эсхүл хүчинтэй хугацаатай гадаад паспорт (Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэдийн хувьд Улсын бүртгэлийн тамгатай лавлагаа авчрах).
  • Гадаадад байгаа, эсхүл биечлэн ирэх боломжгүй харилцах, хадгаламж эзэмшигч бол бичгээр гаргасан итгэмжлэлтэй итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нөхөн төлбөрөө авч болно.
  • Гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх.
  • Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, мөн хуулийн этгээдийг төлөөлөгч иргэний хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх шаардлагатай. Дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах албан тушаалтанд эрх олгосон эрх бүхий этгээдийн итгэмжлэл, эсхүл тушаал, шийдвэр хэрэгтэй.

Капитал банкинд тэтгэврийн үлдэгдэлтэй  2019 оны 4-р сарын 19-ний өдрөөс эхлэн Хавсралт 1, 2-т заасан Хаан Банкны нэгжүүдэд хандан нөхөн төлбөр хэлбэрээр авна. Капитал банкаар дамжуулан тэтгэвэр авч байсан иргэдэд тавдугаар сарын тэтгэврийн мөнгийг Хаан Банкнаас хугацаанд нь хэвийн олгохоор холбогдох газруудтай хамтран ажиллаж байна. Банкнаас нэгдсэн журмаар тэтгэврийн данс нээн санхүүжилтийг авахаар ажиллаж байгаа тул тэтгэвэр авагчид манай тооцооны төвүүдэд урьдчилан хандах шаардлагагүй. Тэтгэвэр олгох Хаан Банкны салбар нэгжүүдийг тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө олон нийтэд зарлах болно.

Капитал банкинд хүүхдийн мөнгөний үлдэгдэлтэй иргэд  2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн нэр заасан ХААН Банкны нэгжүүдэд хандан нөхөн төлбөр хэлбэрээр авна. Капитал банкаар олгож байсан хүүхдийн мөнгийг ХААН Банкнаас хугацаанд нь хэвийн олгохоор ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгөний санхүүжилт орж ирсэн даруйд бид мэдээлэх болно.

Нөхөн төлбөр авах иргэдийн нэр дээр үүсгэсэн түр дансанд мөнгө нь байршсан төдийгүй хуулийн дагуу нөхөн төлбөрийг гурван жилийн хугацаанд нэхэмжлэх эрхтэй болно.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу зарим төрлийн хадгаламж даатгалд хамаардаггүй бөгөөд ийм данстай хүмүүсийн мэдээллийг нэгтгэх ажил хараахан дуусаагүй байгаа юм. Иймд эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн болон даатгалд хамаарахгүй хадгаламж эзэмшигч энэ талаар Банкны эрх хүлээн авагчид хандах эсхүл Хаан банкны нөхөн төлбөр олгож буй тооцооны төвөөр дамжуулан Хадгаламжийн даатгалын корпорацид хүсэлт гаргаж шалгуулна уу.

Капитал банкинд 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн хувьд 20 сая төгрөгийн нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан шууд хүлээн авна. Үлдсэн мөнгөн дүнг Капитал банкны эрх хүлээн авагчид хандан нэхэмжлэл гаргана.