Маргааш С.Зоригийн төрсөн өдөр. ИЗЗН өнөөдөр "сэрэв"

Маргааш С.Зоригийн төрсөн өдөр. ИЗЗН өнөөдөр "сэрэв"

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр маргааш буюу дөрөвдүгээр сарын 20-нд тохиодог билээ. Түүний амиа алдсан харамсалтай өдөр, хорвоод мэндэлсэн өдөр гээд жилдээ хоёр удаа монголчууд дурсан санаж, хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлал тогтжээ. 21 жилийн турш С.Зориг агсныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг улс төрийн тоглолтын гол "цөм" байсаар иржээ гэдгийг сүүлийн өдрүүдэд олон нийт ярьж эхэлж байна. 

Түүний төрсөн өдрийг угтаж, ИЗНН-ын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус намаас С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг тойрсон асуудлаар мэдэгдэл гаргажээ. Энэ талаар тус намын дарга Ц.Ганхуяг “Манай нам анх 2000 онд байгуулагдахаа С.Зориг агсны үзэл санааг тээгч нам болохоо тунхагласан.  

Бид хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй, хүлээцтэй хандсан. Харамсалтай нь сүүлийн үед нөхцөл байдал ээдрээтэй боллоо. Энэ хэрэг сонгуулийн өмнө хоёр намын улс төрийн ашиг хонжоо, оноо авах гэсэн хэрэгсэл болж хувирч байна. Тиймээс олон нийтийг, биднийг ижил тэгш мэдээллээр хангахыг шаардаж байна. Хэрэг илрэхгүй бол цаашид хуулийнханд хэн ч итгэхгүй. Сүүлийн үед нөхцөл байдал их ээдрээтэй төвөгтэй болж байна. Ялангуяа төр барьж байгаа хоёр намын сонгуулийн өмнө оноо авах гэсэн хэрэгсэл болж байгаад харамсаж байна. Энэ хэрэг эрүүдэн шүүх замаар нотлох баримт цуглуулсан хэрэг болж таарсан. Тиймээс шүүхийн гурван шатны материалыг ил болгохыг шаардаж байна. Бид бүхэн өнөөдрийн хүртэл тэвчээртэй хандаж ирсэн. Энэ хэрэг илрэхгүй ч байж магадгүй. Нотлох баримтыг устгаж болзошгүй. Иймээс бид бүхэн улс төрийн тэмцэл хийхээс өөр аргагүй байна.” гэв.

Дашрамд дурдахад, ИЗЗН-ын дэд даргаар Ерөнхийлөгч Х.Баттулгын эхнэр Ц.Энхтуяа ажилладаг юм.