Хятад компани Монголд 50 га газар хүлэмж эрхлэх гэж байгааг эсэргүүцлээ

Хятад компани Монголд 50 га газар хүлэмж эрхлэх гэж байгааг эсэргүүцлээ

Нийслэлийн нутаг дэвсгэрийн 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрлийг БНХАУ-ын "Тяньжин Фүүдс" компанид өгсөн тухай мэдээлэл гараад байгаа. Хотын даргын энэ шийдвэрийг эсэргүүцэж, НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун болон хүлэмжийн аж ахуй эрхлэгч иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэлийн дагуу НИТХ-ын тэргүүлэгчдийн 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн аж. Харин тэргүүлэгчид дэмжихгүй, буцаасан байна. Энэ 50 га газар нь Монголд ажиллаж байгаа хүлэмжийн аж ахуйн 90 хувьтай тэнцэх хэмжээ юм байна. Тиймээс энэ газарт Хятадын компани хүлэмжийн аж ахуй эрхэлбэл Монголын ногоочид үогсох, цаашлаад хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх аюултай гэж үзжээ. 

Гэвч тухайн өдөр хотын дарга С.Амарсайхан ЗГХЭГ-т албан бичиг илгээж, энэ ажил цааш үргэлжлэхийг дуулгасан байна. Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрийн 50 га газарт Хятадын компани 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүлэмжийн аж ахуй эрхлэх нь тодорхой болжээ. Тиймээс Ерөнхий, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, ХХААХҮ-ийн сайд, нийслэлийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлэхээр болсон байна. "Тяньжин Фүүдс" компанид олгох гэж байгаа 50 га газрыг дотоодын аж ахуйн нэгжүүдэд нээлттэй сонгон шалгаруулалтаар хүлэмжийн аж ахуйн зориулалтаар олгохыг хүсчээ. 

Монголын Хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Х.Алтанцацралт: Монголд жилийн дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхлэх гэж би олон жил зүтгэж ирлээ. Энэ туршлагынхаа дагуу би хятадуудын ногоо тарьдаг арга, технологийг сайн мэднэ. Хөрш, зэргэлдээ улсууддаа ч гэсэн ямар хор уршиг учруулж байгааг бид бүгд харж байна.

Гэвч энэ тал дээр манай улсын төр засгийн зүгээс авч хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээ нь бүрхэг, хэн нь юу хийж, ямар шийдвэр гаргах гэж байгаа нь мэдэгдэхгүй юм. Надад маш олон аж ахуй эрхлэгч, хэрэглэгч иргэдээс тус асуудал дээр анхаарал хандуулж, нэгдэх хэрэгтэй гэсэн санал хүсэлтүүд ирсээр байна.

Түүнээс гадна нарийн ногоо гэдэг нь боловсруулахгүй, түүхийгээр нь хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн тул хэрэв хятадууд орж ирвэл бидний хэрэглэдэг хоол хүнсэнд маш их химийн бодис, бордоо нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь Монголын ирээдүй, үр хүүхэд болон хүнсний аюулгүй байдалтай шууд хамааралтай гэдгийг санах хэрэгтэй гэлээ.