МАН: Иргэдэд 3 хувийн хүүтэй 20 сая хүртэлх төгрөгийн итгэлцлийн зээл олгоно

МАН: Иргэдэд 3 хувийн хүүтэй 20 сая хүртэлх төгрөгийн итгэлцлийн зээл олгоно

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдав. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Бүлгийн хуралдаанаар иргэдэд жилдээ гурван хувийн хүүтэй 20 сая хүртэлх төгрөгийн Итгэлийн зээл олгох төслийг өргөн барихаар болсон байна. Зорилтот бүлэгтээ чиглэсэн энэ зээлийг олгосноор ажлын байр бий болно гэж үзэж байгаа аж. Санхүүгийн итгэлцлийг бий болгож, төсөвт дарамт учрахгүй гэж үзжээ. Итгэлцлийн зээлийг ямар нэг зээлгүй, батлан даагчгүй, муу зээлийн түүхгүй иргэнд олгох шалгуурыг тавьж байгаа юм байна.  

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв. 

-Арилжааны банкууд шалгуур тавих уу?

-Ямар нэг арилжааны банкаар явуулахгүй. Төр иргэддээ итгэсэн үйлчилгээг бий болгох гэж байгаа. Зөвхөн Төрийн банкаар дамжуулж энэ зээлийг олгоно.

-Ипотекийн зээл иргэдэд хүртээмжтэй биш байгаа. Энэ мөнгийг ипотекийн зээлд зориулж болохгүй юу?

-Ипотекийн зээлийг Засгийн газар үе шаттай олгож байгаа. Цаашдаа ч олгосоор байх болно.

-Энэ зээлийн шалгуурыгдавах дундаж давхарга бий юу? Айл өрх бүр цалингийн, хэрэглээний зээлтэй.

-Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн энэ төслийг хэрэгжүүлдэг. Тэд амжилтад хүрсэн байдаг. Төсвөөс жилдээ 200-300 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкаараа дамжуулж олгоно. Эрсдэлийг төр даана.