У.Хүрэлсүхийн засгийн газрыг хөдөлгөх эхлэлийн МАН-ын хяналтын хороо тавьчихлаа

У.Хүрэлсүхийн засгийн газрыг хөдөлгөх эхлэлийн МАН-ын хяналтын хороо тавьчихлаа

У.Хүрэлсүхийн засгийн газрыг оролцох хугацаа тун удахгүй дуусах гэж байна. Өнгөрсөн намар УИХ-аар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэхийг хэлэлцээд өнгөрсөн. Уг өрнөл хэдийгээр нэг талдаа шийдэгдэх нь эхнээсээ тодорхой байсан ч эрх баригч МАН-ын гомдогсод асуудлыг хойшлуулахыг хүсээгүй билээ. Яг л энэ зургаар асуудал өрнөж, бас шийдвэр гарсан байдаг. 2018 оны 11 сарын 30 өдөр УИХ-аар У.Хүрэлсүхийг огцруулах эсэхийг хэлэлцээд гишүүдийн олонх  нь шаардлага үгүй гэж үзсэн билээ.

Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцээд дэмжээгүй бол 6 сар уг асуудлыг дахин ярихгүй гэсэн хуулийн зохицуулалттай. Энэхүү хугацаа тун удахгүй дуусах гэж байна. Иймээс МАН-ын гомдогсод буюу М.Энхболдын талынхан хөдөлгөөнд орж эхлээд байна. Тэдний зүгээс толгой цохиж яваа улс төрч У.Хүрэлсүхийг оролдох уу? Эсвэл шүд сугалах зарчмаар засгийн газрын сайд нараар туг тахих уу гэдэг шийдэлд хараахан хүрээгүй сурагтай.

М.Энхболдын зүгээс улс төрийн хашир туршлагатай ч хамтрагч нартаа өвдөглүүлсэн нэгэн. Ийм учраас энэ удаад хашир, бас бодлоготой хөдлөх нь гарцаагүй юм. Түүний хувьд хөл, гараа тасдуулсан мэт боловч үнэн хэрэгтээ хана хэрэм нь бүрэн нурчихаагүй байна.

Харин нөгөө талд У.Хүрэлсүхийн хувьд олон нийтийн дунд дэмжлэг өндөртэй ч улс төрийн хүрээнийхэн дундаа тийм ч өндөр дэмжлэгийг авч чадахгүй байна. Хэдийгээр олон улс төрч У.Хүрэлсүхийг хараад бөхөлзөж байгаа ч цаанаа бол 2020 оны сонгуулийн тойргоо хураалгахгүй гэсэн болгоомжлол дунд л ийнхүү бөхийж байгаа. Хэрэв түүнийг түлхэх боломж нь 2020 оных нь сонгуулийн тойргийн баталгаатай хамт ирэх юм бол хэн ч гэсэн нүүр буруулах хэмжээнд байна.

М.Энхболдын зүгээс У.Хүрэлсүхийн засгийн газрыг бүхэлд нь огцруулах тухай шууд ам нээхгүй. Харин хариуцлага алдсан гэх сайд нартай хамгийн эхэнд огцруулах асуудлыг ярих тухай яриа чих дэлсэж байна. Жагсаалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд явж байна. Батлан хамгаалах салбарт гарсан удаа дараагийн зүй бус үйлдэл, хүний амь настай холбоотой асуудал, мөн нөгөө талдаа цэргийн шүд, хөл гар гэмтсэн гэх иргэдийн гомдол зэрэг нь сайдыг суудлаас нь ховхлох хангалттай шалтгаан болж болно.

Жагсаалтын хоёрдугаарт мэдээж хэрэг Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл орж байгаа. Түүний хувьд саяхан дэгдсэн халдварт өвчин буюу сүрьеэтэй холбоотой юм. Сүрьеэ өвчний хувьд сургуулийн сурагчдад халдсан. Мөн халдварт өвчин судлалын үндэсний төвөөс сүрьеэтэй багшид бичиг хийж өгсөн гэх шалтгаан дээр нэмээд эрүүл мэндийн сайдын болчимгүй хариулалт нь түүгээр оролдох том шалтгаан болчхоод байна.

Ийнхүү дайран дээр давс гэгчээр МАН-ын хяналтын хорооны зүгээс намынхаа хоёр даргын захиасыг биелүүлсэн үйл явдал байлаа. Тодруулах юм бол өнөөдөр МАН-ын хяналтын хорооноос Оюу толгой хөрөнгө оруулалтын гэрээг шалгах УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг дамжуулсан гэх асуудалд нэр холбогдсон Д.Дамба-Очир гишүүн болон Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг оруулсан гэх зэмлэлд уначхаад байгаа УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцож 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй. МАН-ын зүгээс уг хоёр эрхэмд 5 жилийн улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэх явдал юм.

Энэ хоёр эрхмийн үг, үйлдэл нь үнэхээр үнэн бол тэднийг зэмлэх, зэмлэл хүртээх нь зөв. Гэхдээ өнөөдөр МАН-ын хяналтын хороо ингэж шийдэх цаг хугацаа нь мөн байсан уу гэдэг бас асуултын тэмдэг юм.

Тэртээ тэргүй хэрэв Д.Дамба-Очир үнэхээр нь Оюу толгойн хөрөнгө оруулагч нарт найр тавьж, мэдээллийг өгсөн нь үнэн бол шат шатны хариуцлагыг хүлээлгээд явах боломж МАН-д байна. Нэгдүгээрт: УИХ дахь МАН-ын бүлгээс асуудлыг хөндөх ёстой. Гэтэл өнгөрсөн даваа гараг буюу 5 сарын 13 өдөр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Оюу толгойн ажлын хэсгийн дүгнэлтийг Д.Дамба-Очир гишүүн өгсөн юм шиг байгаа юм. Гэхдээ тэр нь нууц мэдээлэл биш байсан. Иймээс хүндрүүлэх асуудал биш хэмээн хэлж байсан.

Харин өнөөдөр МАН-ын хяналтын хороо өөр шийдвэр гаргав. Ингэхээр МАН-ын бодлогыг яг хэн зангидаж, хэрхэн чиглүүлж яваа нь ойлгомжгүй болов. Нөгөө талдаа шууд намын хяналтын хороо үсрэн орж ирэх нь цаг хугацааны хувьд биш болж таарлаа.

Харин Ш.Раднаасэдийн хувьд угаасаа дайралтанд өртөөд эхэлсэн. Түүнийг Говь-Алтайчууд дахин дэмжих эсэх эргэлзээтэй. Ийм нөхцөлд намын хяналтын хороо асуудлыг шүүрэх шаардлага алга байв. Угаасаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр бурууг нь зүхэж, үйлдлийг нь буруутгаж, үг бүрээр дайрч байхад тэр хүний эгдүү намын хяналтын хороо хүргэх шаардлага алга байлаа.

МАН-ын хяналтын хороо ийнхүү 2 гишүүнийг өлгөн авч асуудал дэвшүүлсэн нь У.Хүрэлсүхийн баруун гар Д.Амарбаясгалан, мөн түүний шадар Э.Бат-Энх нарын сонгуулийн тойргийг бэлдэж өглөө гэдэг мсж-ийг өнөөдөр тараачихлаа. Ингэж үзэхээс ч өөр арга байхгүй. Учир нь Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн зүг гүйдэлтэй болоод удаж байна. Хэдхэн хоногийн өмнө хурдан удмын азарга бэлэглэх үйл ажиллагаа хүртэл зохион байгуулсан сураг дуулдсан.

Энэ бүхний уршгийг удахгүй У.Хүрэлсүх болон түүний засгийн газар амсах болно. Үүний эхлэл болсон үйл явдал өнөөдөр төрийн ордонд өрнөв. Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нар өрөөндөө шивнэлдэж, М.Энхболдын өрөөрүү гүйж өнгөрүүллээ. Харин М.Энхболд нь Ж.Эрдэнэбат, АН-ын Д.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нартай сэм уулзаж, хэдэн цагаар зөвлөлдөж өнгөрүүлэв. Үүний цаана хэнийг хэрхэн туг тахих, өөр гомдогсод хэн билээ гэх тооны хичээлд улс төрчид сууж эхэлсэн гэсэн үг юм.