УИХ-ын гишүүдийн тоог 108 болгоё

УИХ-ын гишүүдийн тоог 108 болгоё

Улсын их хурлаар тун удахгүй хоёр том хуулийг хэлэлцүүлж эхлэх бололтой. Нэгдүгээрт Сонгуулийн тухай хууль. Өнөөдөр бүх шатны сонгуулийг явуулахаар зохион байгуулсан нэг том хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Өмнө нь Улсын Их Хурлын, Орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль тус тусдаа байв. Харин 2015 онд уг хуулиудыг нэг болгон өөрчилж, шинэчлэн найруулсан билээ. Энэхүү хуулиар 2016 оны УИХ, Орон нутаг, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль яваад байна. Гэвч болохгүй байгаа учраас өөрчлөх ёстой гэж эрх баригч МАН-ынхан өмөлзөж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар үндсэн хуулийн өөрчлөлтийг яаралтай хэлэлцүүлэх чиглэлийг холбогдох хүмүүст өгөөд байна. Энэ пүрэв гарагт Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ажлын хэсгийн саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барих бололтой. Ийм нөхцөлд энэ том хоёр хуулийг хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэж амжихгүй.

Хоёр том хуулийг барьж аваад оромдож суухын оронд эхлээд суурь зарчимдаа ойлголтоо нэгтгэчих. Ийм санал гаргаж байгаа олон хүн байна. Энэ нь мэдээж хэрэг Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг яаралтай хэлэлцэн шийдэх. Уг өөрчлөлтийн хүрээнд цаг хугацааны хайчыг арилгах юм. Учир нь үндсэн хуулийг хэлэлцсэн нөхцөлд өөр ямар ч хуулийг хэлэлцэхгүй. Мөн сонгууль болохоос өмнө дор хаяж 6 сарын өмнө баталсан байх ёстой гэх зохицуулалт байдаг.

Ер нь үндсэн хуулинд оруулах хамгийн эхний өөрчлөлт нь Улсын их хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлье. Өнөөдөр байгаа 76 гишүүний эрх мэдлийг хумих, нөгөө талдаа хууль тогтоох байгууллагын чадамжийг өсгөх, мөн газар нутаг, хүн амын харилцааг хамааруулан гишүүн сонгох тогтолцоог хангахын тулд тоог нь нэмэх шаардлага байна. Судлаач нарын зүгээс Монгол улсын парламент 103 хүнтэй байх ёстой гэдэг юм билээ. Хэрэв 103 гэдэг тоо нь хүмүүст буухгүй байвал бэлгэдэл, ухагдахууныг нь бодоод 108 гэдэг дээр ч тогтсон яахав.

Улсын их хурлын гишүүдийн тоог нэмэхийн хажуугаар одоо байгаа эрх мэдлийг нь хазаарлах хэрэгтэй. Нэн тэргүүнд давхар дээл өмсдөг гажуудлыг арилгая. Өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн гэх сэтэр зүүчхээд өөрийнхөө эрх ашгийн төлөө өөрөө хууль баталдаг гажуудал газар авчихлаа. Юм л бол УИХ-ын гишүүн нь давхар сайд болдог болов. Үүний улмаас Засгийн газрын үйл ажиллагааг хянах ёстой УИХ-ын үйл ажиллагаа доголдож байгаа тухай судлаач нар болон гишүүд хэлдэг болжээ. Иймд бодлогын гол яам буюу 4-5 сайд л Улсын Их Хурлын гишүүн байж болно. Харин үлдсэн засгийн газрын сайд нарын хувьд УИХ-ын гаднаас сонгох ёстой. Ийм л өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах нь туйлын зөв юм.

Мөн өнөөдөр УИХ-ын ирц 50% гэдгээр л хууль баталж, хурал хийж байна. 39 гишүүн ирц бүртгүүлж, 18 хүн сууж байгаад л хууль баталдаг боллоо. Иймээс энэ гажуудлыг арилгах гарц нь үндсэн хуульд оруулах өөрчлөлт. Уг өөрчлөлтөөр гишүүдийн тоог 108 болгочхоод ирцийг 60% болсон нөхцөлд хурал эхэлдэг. 51 хувийн ирцтэйгээр хууль баталдаг, хуралдаа ийм ирцтэйгээр суусан нөхцөлд хуулийг хэлэлцүүлдэг байхаар зохицуулж өгөх хэрэгтэй. Ийм нөхцөлд дор хаяж 45 гишүүн хууль хэлэлцэх, бас батлах болно шүү дээ.