Улс төрийн орчин цагийн хэлмэгдүүлэлт буюу 60 тэрбумын Ц.Сандуй

Улс төрийн орчин цагийн хэлмэгдүүлэлт буюу 60 тэрбумын Ц.Сандуй

Монгол улсын түүхэнд улс төрийн хэлмэгдүүлэлтийг олон жилийн турш үргэлжлүүлж, өөрийн намынхаа лидерүүдийг хохироож явсан түүхтэй нам бол МАН. Тус нам 1921 онд байгуулагдаж 1922 онд МАН-ын дарга Бодоо, Данзан, Дамбажав нарыг улс төрийн тавцангаас авч хаях ажлаар их хэлмэгдүүлэлт эхэлсэн гэж үздэг. 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос эрч нь саарсан ч амь бөхтэй намынхаа гишүүдийг хэлмэгдүүлсээр 1990 онтой золгосон гэж үзэх түүхчид хүртэл байна. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн баримт, учир шалтгаан бүхэн түүх болон үлджээ.

Харин өнөөдөр орчин цагийн улс төрийн хэлмэгдүүлэлт өрнөж эхэллээ гэсэн шүүмжлэл улс төрийн хүрээнийхэн дунд өрнөж эхлэв. Тэр дундаа МАН-ын эгэл жирийн гишүүдийн дунд зүтгэсэн нь буруудаж, хойш суусан нь хождог цаг болжээ. Нам нь ялагдаж, зүс нь гундаж, жирийн гишүүд нь ажилгүй болж байхад тосон авч, тойглон өндийлгөж, дараагийн сонгууль хүртэл жирийн гишүүдтэйгээ ажиллаж, гал тогоонд нь буцалсан нь хөсөр хаягдаж, харин хаана байгаа нь мэдэгдэхгүй, хаашаа явсан нь ойлгомжгүй байсан хүмүүс хоймор гараад суучихлаа.

Нийслэлийн МАН 2012 оны сонгуульд ялагдаж, байр ч үгүй, хаалгаар нь шагайх улс төрч ч үгүй байхад л тус намын даргаар Ц.Сандуй ажиллаж, ялахад хэцүү хэмээгдэж байсан Э.Бат-Үүлийн багийг 2016 оны сонгуульд өвдөг шороодуулж, намаа ялалтаар манлайлсан билээ. Харин түүний шагнал нь 2016 оны сонгуулийн сүүл, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар дээд цэгтээ хүрч муулагдсан 60 тэрбумын асуудал байлаа.

60 тэрбумын яриа гэгч нь 2014 оны 09 сарын 09 өдөр болсон гэдэг юм билээ. Төрийн албыг наймаалцах тухай гэх энэхүү яриаг өрнүүлсэн хүн нь иргэн Г.Доржзодов, харин зуучлагч нь “Шинэ монгол хаад” группийн захирал А.Ганбаатар, сонсож суусан нь Ц.Сандуй. Үүнээс хойш энэхүү яриаг хэн хэн сонсож, хэрэгжүүлэх талаар ярилцсан эсэх нь бүдэг бадаг. Тухайн үеийн МАН-ын дарга байсан М.Энхболд сонссон л гэдэг. Мөн энэхүү яриаг өрнөхөд сонсоод сууж байсан хүмүүс дотор одоогийн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан байсан л гэдэг. Бас бус олон улс төрчийн нэр дуулддаг ч тэд өөрсдийгөө байгаагүй хэмээн мэлзсээр өнөөдөртэй золгов.

60 тэрбумын хэргийг хоёр ч удаа АТГ-аас ажлын хэсэг гарч шалгасан. Шалгахдаа бүрдээ тухайн асуудалд гэмт хэргийн бүрэлдэхүүн алга. Хэдэн хүмүүсийн хооронд өрнөсөн л яриа төдийхөн байна хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ. Харин нэр бүхий МАН-ын дарга нарын оролцоотой тухайн хэргийг дахин шалгасан байдаг. Үүний дараагаар 60 тэрбумын хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн гэдэг мэдээлэл хэдэн сарын өмнө дуулдаж байв. Харин хэдхэн хоногийн өмнө 60 тэрбумын хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүхэд шилжүүлсэн хэрэгт хоёр л хүний нэр холбогдон явсан гэх мэдээлэл байна. Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ Монгол хаад” группийн захирал А.Ганбаатар нарт л ял үүрүүлэхээр шүүхэд хэргийн материал очсон гэх юм билээ. Харин уг схемийг танилцуулсан, бас ийм яриа болсон хэмээн ил гаргаж ардын баатарын дүрд тоглосон Г.Доржзодов алга. Бас тухайн схемийн яриаг сонсож суусан гэдэг М.Энхболд ч алга л байна.

60 тэрбумын схем гэгч нь үнэхээр төрийн албыг наймаалцсан бол Ц.Сандуй, А.Ганбаатар нараас гадна 2016 оны сонгуулийн дараа албан тушаалд очсон хүн бүр уг хэрэгт холбоотой байж таарна. Тэр дундаа МАН-ын гал тогоог сахиж байгаа Д.Амарбасягалан ямар нэг сэжимээр холбогдох учиртай. Учир нь хэзээнээсээ МАН-ын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нар төрийн албанд очиж байгаа дарга нарын томилгоонд хуруу гар, хошуу нь оролцсон байдаг. Өнөөдөр ч энэ зүйл хаа сайгүй байгаа. Зарим төрийн албаныхан шинээр томилогдож ирсэн хэлтэс, алба, газар, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга, захирал нарыг тэр гишүүний хүн, тэр даргын хүн хэмээн ярьдаг. Үүний цаана нэр нь дурдагдаж байгаа хүн бүр л 60 тэрбумын схем хэрэгжсэн бол холбоотой л гэсэн үг. Хэрэв тийм бол зөвхөн Ц.Сандуй, А.Ганбаатар нараар туг тахиж өнгөрөх гэж байгаа бол МАН-ынхан 100 жилийнхээ өмнө улс төрийн хэлмэгдүүлэлтийг дахин өөрийнхөө намаас эхлүүлж байна хэмээн хардаж болох юм. Нөгөө талд нь МАН гэдэг бол зүтгэсэндээ халтай, зугтсандаа ээлтэй нам бололтой.