Шударга бусын хонгил ухагч нь үе үеийн Ерөнхийлөгч нар

Шударга бусын хонгил ухагч нь үе үеийн Ерөнхийлөгч нар

Монгол улсад шударга бусын хонгил бий болчихлоо. Энэ хонгилоор ороод гарчихлаа гэж олон хүн ярих болжээ. Тэр дундаа улс төрийн золиос болж, хэрэгт буруутгагдаж, өөрийгөө цагаатгуулах талаар ч ярих болов.

Зарим улс төрчид, мөн энгийн иргэд хамтарч “Шударга бусын хонгил” хэмээх төрийн бус байгуулсан сурагтай. Чухам шударга бусын хонгил гэгч нь хэнээс үүдэлтэй, хэн үүсгэчхэв гэдэг бас анхаарал татаж байна.

1992 оны Үндсэн хуульд шүүх, түүний эрх мэдэлтнийг томилох чөлөөлөх эрх мэдлийг Ерөнхийлөгчид өгчихсөн. Энэ л цаг үеэс эхлэн Ерөнхийлөгч нь улс төрийг хөдөлгөдөг, улс төрчдийг айлгадаг, атгандаа оруулдаг, Ерөнхий сайдыг дураараа удирддаг, үгэнд нь орохгүй бол асуудал үүсгэдэг, Парламентын гишүүдийг базчихдаг тогтолцоо бий болсон гэж судлаачид үзэж байна.

Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын хувьд энэ эрх мэдлийг төдийлөн ашиглаж чадаагүй. Хонгил ухах тухай бодож амжаагүй байх магадлалтай гэнэ. Харин хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди бол тодорхой хэмжээнд шүүх эрх мэдэлд гар дүрсэн. Өөрийн хүнийг энэ зүгт томилж чадсан. Мөн үүгээр зогсохгүй өөрт байгаа эрх мэдлийг хүрээнд гүйцэтгэх засаглал, УИХ-ыг ганхуулж байсан нэгэн. Үүний баталгаа нь Ерөнхий сайдыг томилохгүй 10 сар гүрийж байсан явдал бэлэн харуулна.

Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Түүний хувьд 4 жил Ерөнхийлөгчөөр ажиллахдаа эзэн сууж, жинхэнэ утгаараа парламент, гүйцэтгэх засаглал хоёрыг зэрэг удирдаж байсан нэгэн. Ингэхдээ шударга бусын хонгил үүсгэх үндсэн суурийг бэхэлсэн гэж хардах эрхтэй хэмээн судлаачид тайлбарлах болжээ. Гэхдээ тэр шударга бусын хонгил үүсгэж амжилгүй буусан гэж үзэх хэсэг ч бас байна.

Дөрөв дэхь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. 8 жил Ерөнхийлөгчөөр ажилласан түүний хувьд өөрийн эрх мэдлийг тултал ашиглаж, Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээ бүрэн дүүрэн ашиглаж, эрх мэдлийг ганц хүний гарт төвлөрүүлж чадсан хэмээн судлаачид тайлбарлаж байна. Харин улс төрчдийн зүгээс Шударга бусын хонгил бий болгосон хэмээн буруутгаж байгаа юм. Ингэж буруутгаж, өөрийгөө энэ шударга бусын хонгилд хэлмэгдсэн хүмүүсийн нэг гэж тод зарласан хүн бол Монгол улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Түүний хувьд 2012 онд Ерөнхий сайдаар томилогдож, 2014 онд огцорсон. Ингэхдээ Ц.Элбэгдоржийн шударга бусын хонгилд хэрчүүлсэн хэмээн өөрийгөө хамгаалдаг нэгэн билээ. Н.Алтанхуягын ахлах зөвлөх байсан Л.Гансүх бас л шударга бусын хонгилд эгдүүцэж, өөрийгөө хохирогч гэдгээ байнга зарлаж явдаг нэгэн.

Шударга бусын хонгил үүсэх гол шалтгаан хаана байна вэ? Үүнийг судлаачид тайлбарлахдаа Үндсэн хуулийн зохицуулалтад байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид өгсөн хэт том эрх мэдэл буюу шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газар гэх гурван хүчний том байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх эрх мэдэлд Ерөнхийлөгчийн гарт байна. Энэ нь эргээд шударга бусын хонгил гэгчийг бий болгох хамгийн том шалтгаан болж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэгэн ярилцлагадаа Ухвал хэнээс ч но гарна хэмээн хэлсэн байдаг. Яг үүнтэй ижилхэн улс төрч бүр но-той. Тэр но-г нь атгачих юм бол Ерөнхийлөгч АТГ, прокурор, шүүхээр далайлгаж ямар ч улс төрчийг эрх мэдэлдээ оруулах боломжтой нөхцөл байдал хуулийн хүрээнд бий болсон. Үүнийгээ ашиглаж л шударга бусын хонгил үүсгэх, үүгээрээ дамжуулан улс төрийг удирдах ажлыг үе үеийн Ерөнхийлөгч нар хийж байна. Үүнийг тод илэрэл нь 2013-2017 оны хооронд илүү харагдсан гэж улс төр судлаач нар тайлбарлаж байна.

Жил гаруйн өмнөөс шударга бусын хонгил гэгчийг нураана хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга нар мэдэгдэж, тодорхой шийдвэр гаргасан. Тухайлбал ЕрөнхийлөгчХ.Баттулга нэр бүхий шүүгч нарыг албан тушаалаас нь чөлөөлж, зарим шүүгч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Мөн Ерөнхий прокурор болон бусад прокурорын байгууллагын төлөөллийг ч чөлөөлөх ажил өрнөөд байна. Үүний цаана шударга бусын хонгил нурчихсан уу? Гэх асуултын хариулалт алга. Зарим нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулга шударга бусын хонгил нураачихлаа. Тэр шударга бусын хонгилд үйлчилдэг байсан шүүгч, прокурор нарыг чөлөөлчихлөө хэмээн баясч сууна.

Харин ул суурьтай судалгаа шинжилгээ хийдэг хуульч нарын хувьд шударга бусын хонгил нураагүй байна. Харин өмнөх ерөнхийлөгчийн томилсон хуулийн салбарт шургалж, хуулиар далайлган хүн айлгадаг эрлэгүүдийн нэг хэсгийг чөлөөлчихсөн. Харин одоо дахиад нэг хэсэг эрлэг томилогдчихсон байж болзошгүй байна. Нэг үгээр хэлэх юм бол нэг шударга бусын хонгил нөгөөгөөр солигдчихсон байх магадлалтай харагдаад байна. Шударга бусын хонгил нураах хамгийн том алхам бол эрх мэдлийг хуваарилалтыг өөрчлөх, хуулийн зөв зохицуулалт хийх гэдэг байр суурь илэрхийлэх болов.

Тухайлбал Үндсэн хууль судлаач О.Машбат: Ерөнхийлөгчийн гарт шүүх тогтолцооны томилгооны эрх мэдэл бүхэлдээ байгаа нөхцөлд шударга бусын хонгил нурахгүй. Х.Баттулга ерөнхийлөгч баахан шүүгч нарыг чөлөөлж, оронд нь өөр хүмүүс томилж байна. Үүний нөгөө талд нь нэг хүний гар хөл хөлсөн эрлэгүүдийг нөгөө хүн өөрийнхөө эрлэгүүдээр томилж байгаа гэж харагдах магадлалтай хэмээн ньюс.мн сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Үүнээс харах юм бол шударга бусын хонгил нураагүй. Харин нэг хонгил нөгөө хонгилд эрх мэдлээ шилжүүлчихсэн байх магадлалтай болж харагдаад байна. Иймээс үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүх эрх мэдлийг улс төрчдөөс тусгаарлах, томилгоог нэг хүний хараат бус байлгах зохицуулалтыг хийж өгөхгүй бол шударга бусын хонгил амь бөхтэй оршиж, нэг нь нөгөөгөөсөө илүү аюултай болж хөгжих магадлал бий гэдгийг судлаачид анхааруулсаар байна.