Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д 10 хоног саатуулагдлаа

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д 10 хоног саатуулагдлаа

2019 оны 10 сарын 31 өдрийн 17.10 цагийн Улаанбаатар-Сөүл чиглэлийг КЕ868 дугаартай онгоцоор Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр нарын төлөөлөл БНСУ-ын Инчёон нисэх онгоцны буудлаар дамжин Индонезид болох “Олон улсын Цэцийн гишүүдийн хурал”-д оролцохоор явж байсан бөгөөд нислэгийн үед бусдын биед халдсан гэх үндэслэлээр асуудал дэгдсэн юм. Тухайн нислэгийн дараа Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг БНСУ-ын Инчёон нисэн буудлын цагдаагийн газраас саатуулсан боловч, олон улсын хуралд оролцох, Монгол улсын халдашгүй дархан эрхтэй зэрэг шалтгаанаар түр тавьж явуулсан байдаг юм. 

Д.Одбаяр нарын төлөөлөгчдийг 2019 оны 11 сарын 06 өдөр БНСУ-ын Инчёон хотын нисэх буудалд дахин газардахад нь тус хотын цагдаагийн газраас саатуулан байцаалт авч эхэлсэн байна. 

Орон нутгийн цагаар 11:00 цагт эхэлсэн байцаалт өнөөдөр 01:00 цагт дуусч, хэргийг нарийвчлан шалгах шаардлагатай гэсэн дүгнэлтэнд БНСУ-ын Инчёон хотын цагдаагийн газраас хүрчээ. Ингэхдээ БНСУ-ын нутаг дэвсгэрээс 10 хоног гарахгүй байх хилийн хоригийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт тавтсан гэнэ. 

Сөүл дэх Монгол Улсын элчин сайдын яамтай хамтран ажиллахаар болжээ.

Эх сурвалж: MBC

БНСУ-ын Инчёон хотын цагдаагийн газрын зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, Монгол улсын иргэн А нарыг бусдад бэлгийн дарамт үзүүлсэн, үг хэлээр доромжилж, айлган сүрдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа юм байна. Цагдаагийн газраас явуулах байцаалт нийтдээ 48 цаг үргэлжилнэ хэмээн тус улсын цагдаагийнхан мэдэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 11 цаг байцааагаад байгаа билээ. Одоо 37 цагийн байцаалтыг 10 хоногийн хугацаанд авах юм. 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэдэгдэхдээ Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг бусдыг өмгөөлж байгаад ийм асуудалд орчихсон юм шиг байна хэмээж байсан ч тийм биш гэдгийг өрнөж буй үйл явдлууд хэлээд өглөө. Өмөөрөх гэж өмөөрчихөв үү? эсвэл санамсаргүй дээрх үгийг УИХ-ын дарга хэлчихсэн үү гэдгээс ч асуудал хөндөгдөж болзошгүй байна. 

Нөгөө талд нь Д.Одбаярыг Монгол улсын хуулиар халдашгүй дархан эрхтэй хэмээж буй. Гэвч дипломатич нэгэн эрхмийн тайлбараар бол Монгол улсын хилээр гарсны дараа УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн гишүүний дархан эрх үйлчлэхгүй. Харин тухайн улсын хуулийн хүрээнд асуудал хөндөгдөх ёстой гэж буй. 

Яг л дээрх зарчмын дагуу Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг БНСУ-ын цагдаагийн байгууллагаас шалгаж буй нь энэ юм.