У.Хүрэлсүх: УИХ-д нэр дэвших хүнээс нэг ч төгрөгийн дэнчин авахгүй

У.Хүрэлсүх: УИХ-д нэр дэвших хүнээс нэг ч төгрөгийн дэнчин авахгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өнөөдөр болов. Энэ хурлаар хөндөгдсөн гол сэдэв нь УИХ-аар хэлэлцэх нь тодорхой болсон Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг хэрхэн хэлэлцэх. Зээл аваагүй ахмадуудыг хэрхэн гомдоохгүй үлдээх тухай яриа байв. 

Энэхүү хуралд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцсон юм. 

У.Хүрэлсүхийн хувьд тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг яаралтай батлан гаргах чиглэлийг гишүүдэд өгсөн байна. Үүний зэрэгцээ зээл аваагүй 180 мянган ахмад настанг хоосон үлдээхгүйн тулд 1,000,000 төгрөгийн ваучер өгөх шийдэлд МАН-ын бүлгийн гишүүд хүрчээ. 

Энэ хурлын үед МАН-ын дарга У.Хүрэлсүх нэгэн амлалтыг гишүүддээ өгчээ. Энэ нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших сонирхолтой намынхаа гишүүдээс дэнчин авахгүй. Харин цэвэр өрсөлдөөний үндсэн дээр нэр дэвшигч нарыг тодруулна. Хэн ялах магадлалтай тэр л нэр дэвших эрх авна гэдгийг мэдэгджээ. 

Нэг үгээр хэлбэл улс төрчийн рейтинг тогтоох, тойрогт хэн хамгийн нэр хүндтэй тэр улс төрчийг МАН нэр дэвшүүлнэ гэнэ. МАН-ын зүгээс хэн хаана нэр дэвших нөхцөлд ялалт байгуулах магадлалтай байгааг судалгаагаар тогтоохоор ажиллаж эхэлсэн гэнэ.