Нийслэлийн АН удирдлагаа сэлгэхгүйгээр ялалт байгуулахгүй

Нийслэлийн АН удирдлагаа сэлгэхгүйгээр ялалт байгуулахгүй

УИХ-ын 2016 оны сонгуулиар далаараа тавиулж, УИХ-д ердөө 9 суудал авч, Нийслэл, аймагуудад ялагдал хүлээсэн АН-ынхан шат шатны байгууллагадаа бүтцийн өөрчлөлт хийж, удирдлагаа сольж эхэлсэн билээ. 

Тухайлбал, өнгөрсөн пүрэв гарагт НИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тувааны оронд томилогдлоо. Үүний цаана өрсөлдөгч нам болох МАН-ын удирдлагын багт хийсэн үнэлэлт дүгнэлтэндээ тулгуурлаж, намынхаа удирдлагын багийг жиших тулгуур зарчимтай уялдсан хэрэг.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан хэмээх залуу ажиллаж байна. Энэ залуутай дүйцэж очих, АН-д байгаа лидер улс төрч нь Ц.Баатархүү мөнөөс мөн. Түүний хувьд НИТХ-д гурван удаа сонгогдож, өнөөдөр НИТХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байна. АН-ын хувьд нийслэлд унасан нэр хүндээ аврах, 2012-2016 онд хийсэн ажлаа үнэлүүлэх түлхүүр нь Ц.Баатархүү болчихоод байна. 

Энэ цаг үед АН-ын хувьд дотоод шинэчлэлээ эхлүүлэхээс өөр арга үгүй болоод байна. Үүний нэг нь Нийслэлийн АН-ын даргын суудал юм. Өнөөдөр Нийслэлийн АН-ын даргын суудалд Д.Баттулга сууж байна. Гэтэл 2016 оны НИТХ-ын сонгуульд АН-ыг удирдаж, ерөнхий менежерээр ажилласан Д.Баттулга ямар гавьяа байгуулсан гэж энэ суудалд сууна вэ?  

Хэрэв АН энэ хэвээрээ НИТХ-ын сонгуульд орвол ялалт хүлээх шаардлага алга. Учир нь энэ удаад сонгуульд авлига албан тушаалын хэргээр ял эдэлж байсан хүнийг нэр дэвшүүлэх тухай асуудлыг хориглож өгсөн. Гэтэл Нийслэлийн АН-ын толгойд сууж байгаа Д.Баттулга нь өмнө нь казиногийн хэргээр ял эдэлж байсан нэгэн билээ. 

Казиногийн хэрэг нь албан тушаал авлига хээл хахуулийн хэрэг бөгөөд албан тушаалаа ашиглан нөлөөлөх байдлаар албан тушаалаа урвуулан ашигласан гэх утгатай юм. 

Нөгөө талдаа Д.Баттулга нь НИТХ-ын  2016 оны сонгуулиар Нийслэлийн АН-ын сонгуулийн Ерөнхий менежерээр ажиллаж намаа ялагдуулсан гэдэг хар тамгатай. Тэгсэн ч тэрбээр намаа удаа дараа ялагдалд хүргэсэн хэрнээ дахин Нийслэлийн АН-ыг гартаа оруулж өөрийнхөө гэр бүлийн нам болгож албан тушаалын томилгоог хайр найргүй хийж намынхаа гишүүдийг бухимдуулж байсан удаатай. Үүгээр ч зогсохгүй түүнийг намынхаа Үндсэн дүрмийг тоодоггүй, намдаа бус гэр бүлдээ болон МАН-д үйлчилдэг гэдгийг намын нөхөд нь ярьдаг. Ийн хэлэхийн учир нь АН-ын дүрэмд “АН сонгуульд олонхи болоогүй тохиолдолд тухайн шатны намын дарга, дэд дарга нар, ХЭГ-ын даргыг огцорсонд тооцно. Түүнээс гадна тухайн үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга байсан намын гишүүн нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй” гэсэн заалт байдаг ч тэрбээр намынхаа дүрмийг үл тоон Нийслэлийн АН-ын дарга болж байсан сүйхээтэй нэгэн. Мэдээж Нийслэлийн АН-ын дарга гэдэг хариуцлагатай албан тушаал. Тиймээс тус намынхан 2016 оны сонгуулийн алдааг давтахгүйн тулд ийнхүү Д.Баттулгыг солих цаг болсон гэж АН-ын гишүүд дэмжигчид яриад байна.  

АН-ын дарга С.Эрдэнэ соногчийн гол төвлөрсөн Улаанбаатар хотод ялалт байгуулая гэж бодож байвал Нийслэлийн АН-ын даргаа солих нь хамгийн зөв алхам болох юм. Учир нь Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан нартай дүйж очиж өрсөлдөх багийг бүрдүүлэхийн тулд Нийслэлийн АН удирдлагаа солих нь хамгийн чухал болоод байна.