АН хэзээ амилах вэ?

АН хэзээ амилах вэ?

2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Улс төрийн намууд амь орж, бодлогоо танилцуулах нэрийдлээр улс төржиж эхлээд байна.

Эрх баригч намын хувьд элдэв шийдвэр гаргаж, иргэдийн итгэлийг олох гэж бүхий л чадлаараа зүтгэж эхэллээ.

Харин сөрөг хүчин болох АН-ын хувьд хоорондоо хөлөө жийлцэж, хэмлэлдэхээс өөр ид шид тэдэнд алга. Лидерийн хомсдолд улс төрийн хүчнүүд орчихсон. АН мөн л ялгаагүй. Өөрийгөө лидер хэмээн бодож, сэтгэдэг өвөө нар тус намд олон. Тэдний хувьд намынхаа ирээдүйн төлөө бус өөрийнхөө амбиц, албан тушаалын төлөө л хэмлэлдэж, хэрэлдэхээс хэтрэхгүй хүмүүс. Өнөөдөр АН-ын дарга нь С.Эрдэнэ. Түүнийг хүлээн зөвшөөрч, хамтран зүтгэхийг АН-ын өвөө нар огт хүсэхгүй. Харин С.Эрдэнэ өөрийнх нь үгэнд орж, өмнө нь сөхөрч ажиллах ёстой мэтээр амбицлах нь тэдний өнгөрсөн цаг үеийнх нь амьдарч ирсэн арга. Тэр л аргаараа сонгуулийн өмнө АН-ын өвөө нар хэмлэлдэж, хэрэлдэж, талцаж тоглож байна. Үр дүн нь ялагдал байх магадлалтай. 

Уг нь сонгуулийн өмнө амь орж, түмэн олны бодол сэтгэлд зориулсан бодлого гаргах үүрэг нь сөрөг хүчинд бий. Гэтэл өнөөдөр сөрөг хүчинд бодлого гэх зүйл бараг л алга. Харин тэд салхинд хийсэн хамхуул адил өрнөсөн сэдэв дээр үг хэлэх төдийхнөөр улс төрийг өрнүүлж байна. Угтаа бол эрх баригчдийг айлгах ёстой сөрөг хүчин эрх баригч намаасаа эмээж суугаа нь улс төрийн шоглоом гэлтэй. АН хэзээ амь орж, улс төр бужигнах юм бол доо.  

АН сая удирдлагын бүтцээ бага сага өөрчлөв. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар залуу улс төрч Ц.Баатархүү томилогдсон. Түүний хувьд одоо цагт тус намд хэрэг болно. Гагцхүү өвөө нар нь хөл гарыг нь тушчихгүй бол шүү дээ. Нийслэлийн АН-ын удирдлагаа солих чимээ гарч байсан. Солих л хэрэгтэй. Гэхдээ хэнийг хэнээр гэдэг л чухал даа. Түүнээс С.Баттулгыг ховхолчихоод өнөөх л Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, З.Энхболд нар бол биш л дээ.