Улс төрийн хилс хэрэг буюу М.Энхсайхныг цагдан хорилоо

Улс төрийн хилс хэрэг буюу М.Энхсайхныг цагдан хорилоо

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 08.30 цагт товлогдсон. Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

19.6 дугаар зүйл. Хорлон сүйтгэх

1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүх хурал болохын өмнө Монгол Улсын сайд асан М.Энхсайхан энэ талаар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Тавантолгойн гэрээний төсөл дээр Засгийн газрын нэрийн өмнөөс ажлын хэсэг ахлан ажиллаж, уг гэрээний төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан нь өөрөө гэмт хэрэг болчихоод байна. Өөрөөр хэлбэл УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу ажилласан олон хүнийг буруутгах хэлбэр рүү орж байгаа нь ноцтой явдал юм. Тавантолгойн гэрээ бүтээгүй шалтгаан нь цэвэр улстөржилтөөс үүдсэн. Үнэн хэрэгтээ маш амжилтай төсөл байсан. Энэ төсөл дээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа юм бол өмнө нь ажиллаж байсан төслүүдийг давхар шалгаж өгөөч. Давхар шалгасан байдлыг олон нийтэд зөв мэдээлэхийг би Ерөнхий прокурорт хэлж байгаа юм.

Хэрвээ хорлон сүйтгэгч хэмээн намайг буруутгаж байгаа бол ийм сэдэл санаа бусад үйл хэрэгт байсан байж таараа гэж үзэх ёстой. Монголчууд дарааг нь том олон төслийг хэрэгжүүлэх л болно. Тиймээс мега төслүүдэд ажиллах дараагийн хүмүүсийн зоригийг мохоох вий гэсэн үүднээс УИХ-ын даргад хандсан.

Төмөр замын 267 км газар, өргөн, нарийн зам барих уу гэж байгаад Чингис бондоос мөнгө гаргаад бид овоолсон шороотой үлдсэн. Миний мэдэхээр цагдаагийн байгууллага хэргийг боосон байсан. Ер нь бол мэдэхгүйн зовлонгоор ийм том хохирлыг учруулсан байж магадгүй. Энэ хэргийг миний ажиллаж байсан хэрэгтэй давхар шалгаад өгөөч гэж хүсэлт тавьсан. Одоогоор хариу байхгүй байна. Надад олон хуульч саналаа хэлж байна. Өмгөөлөгчөөр ажиллаж буй хоёр хүн бий. Тэд юу гэж байна уу гэхээр “таны асуудлыг уншихаар хэрэг гээд байх юм байхгүй. Улс төрийн хэрэг болчихсон байна” гээд мухардалд орчихлоо. 1992 оноос хойш ийм хэрэг анх удаа зүйлчлээд яваа юм билээ. Надад нэг хэргээр хоёр ял төлөвлөөд байгаа. Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр шүүх хурал явагдана. Миний зүгээс шүүх хурал нээлттэй ил тод яваасай гэж хүсэж байна” гэв.

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хуралдаанаас сайд асан М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 08.00 цагт хүртэл хойшлуулав. М.Энхсайханыг хавтаст хэргийн материалыг задруулсан гэх үндэслэлээр цагдан хорихоор болсон байна. Шүүх хуралд зайлшгүй байх ёстой гэрчүүд ирээгүй тул шүүх хуралдааныг ийн хойшлуулжээ.

Ийнхүү 2013 оноос эхлэлтэй төмөр замын нарийн болон өргөн цариг, Таван толгойн төслийг эдийн засгийн эргэлтэнд оруулахтай холбоотой асуудлаар ил далд муудалцаж байсан улс төрчид нэгнээ хэмлэж, хүчтэй, эрх мэдэлтэй нь эрх мэдэл, албан тушаалгүй болсон нэгнээ цагдан хорьж байна хэмээн улс төрийн хүрээнд ярьж эхэллээ. 

М.Энхсайхан нь 2012-2016 оны хооронд Төмөр зам, Таван толгойн станц байгуулах, мега төсөл буюу Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах төслийн ахлагчаар ажиллаж байсан билээ. Ийнхүү дээрх гурван төслийнх нь нэг дээр хэрэг үүсгэн хорлон сүйтгэх гэх зүйл ангиар буруутган ял тулгаж, ийнхүү цагдан хорьж эхэллээ.