Нийслэлийн Засаг даргын захирамжийн үйлчлэлийн талаар тайлбарлалаа

Нийслэлийн Засаг даргын захирамжийн үйлчлэлийн талаар тайлбарлалаа

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээх тухай захирамж нийслэлийн Засаг дарга өчигдөр гаргасан билээ. Уг захирамжийн үйлчлэлийн талаар өнөөдөр НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар цахимаар мэдээлэл хийлээ.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Дэлхий нийтээр тархаад буй “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Улсын Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31 хүртэл сунгасан. Улс орны эдийн засаг, нийслэлийн төсвийн хүндрэлтэй асуудал, иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал гээд шил, шилээ даран үүсэж байгаа учраас хэд хэдэн бизнесийн үйл ажиллагааг нээх нь зүйтэй гэж үзсэн. Халдварын тохиолдлууд бүгд гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирж, дотооддоо өвчний тархалт илрээгүй байна. Тиймээс тодорхой хэмжээнд эдийн засгаа тэлэх бодлого явуулж, халдвар хамгааллыг хангасан зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээхээр нийслэлийн Засаг дарга захирамж гарган шийдвэрлэсэн. Үүнд, үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн танхимын сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг нээсэн. Засгийн газраас салбарын сайдад үүрэг өгсний дагуу танхимын сургалтын төвүүдийн үйл ажиллагааг БСШУСЯ-наас зогсоосон юм. Нийслэлийн Засаг даргын зүгээс Засгийн газрын гишүүний зогсоосон байгууллагын үйл ажиллагааг нээх хууль эрх зүйн боломжгүй учраас танхимын бус сургалтууд буюу фитнесс клуб, иог, танхимд хичээллэдэг сургалтын байгууллагын үйл ажиллагааг нээсэн. Иргэд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих олон талын шалтгааныг харгалзан үзэж ресторан, баар, караоке, дэлгүүр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цагийн хооронд байхаар зохицуулсан. Мөн сүм хийдийн үйл ажиллагааг зөвхөн дотооддоо үйл ажиллагаа явуулахаар болгож, сүсэгтэн олныг цуглуулахгүй байхаар зохицуулсан” гэв.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа нийслэлийн Засаг даргын А/590 дүгээр захирамжийн хүрээнд байнгын хяналт, шалгалт зохион байгуулж ажиллана. Өнөөдрийн байдлаар 33 чиглэлээр 17 мянган аж ахуйн нэгжид мэдэгдэл зөвлөмжийг хүргүүлсэн. Энэхүү мэдэгдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлагатай гэдгийг сануулж байна. Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуйн нэгжүүд, ажлын байрныхаа цэвэрлэгээг хийсний дараагаар мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлтийг хийлгэх ёстой. Ажилтан болон үйлчлүүлэгч нарын халууныг хэмжиж, амны хаалтыг зүүхийг шаардаж дотоодын хяналт тавих шаардлагатай байна. Үйл ажиллагаа нь нээгдэж байгаа баар, караокенууд тэмдэглэлт үйл ажиллагааг явуулахыг хориглосон гэдгийг анхаарах хэрэгтэй. Эцэст нь халдвар хамгааллын заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл ахуйг дээд зэргээр сахих ёстой гэдгийг анхааруулж байна. Мөн караокенуудад  агаар сэлгэлтийг 2 цаг тутам хийж, микрафонуудаа халдваргүйжүүлэх, хамгаалах хэрэгслийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай байна” гэдгийг анхаарууллаа.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү захирамжийн үйлчлэлийн талаар асууж, тодруулсаар байна. Иргэдээс ирүүлсэн санал хүсэлтүүдийг судалж үзэхэд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрлээ, ажлын байргүй боллоо, амьдрал ахуй доройтлоо гэх мэт саналууд давамгайлж байсан. Тиймээс иргэдийн санал хүсэлтийн дагуу, эдийн засгийн хүндрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргасан билээ. Аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд халдвар хамгааллыг маш сайн сахиж ажиллах хэрэгтэй. Харин мэргэжлийн   байгууллагын зүгээс шаардлагатай хяналтыг тавьж ажиллах болно. Товчхондоо иргэдийг бүх талын эрсдэлгүй байлгахад анхаарч ажиллах юм гэдгийг иргэд, олон нийт ойлгох хэрэгтэй” гэсэн юм.