"Хөтөлийн Цемент Шохой"ХК: Үйлдвэрээс гарч буй цементийн үнэ нэмэгдээгүй

"Хөтөлийн Цемент Шохой"ХК: Үйлдвэрээс гарч буй цементийн үнэ нэмэгдээгүй

Зах зээл дээрх цементийн үнэ нэмэгдсэн гэх мэдээлэл гадуур гарах болсон. Зарим үйлдвэрүүд цементийн үнээ нэмсэн нь зах зээл дээрх цементийн үнэ өссөн гэх явган яриаг үүсгээд байна. 

МАК, Монполимет, Хөтөлийн цементийн үйлдвэрүүд нь үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн мэтээр олон нийтийн цахим сүлжээнд бичиж байгаа нь ор үндэслэлгүй мэдээлэл гэдгийг албаныхан хариуллаа. 

Өнөөдөр зах зээл дээр “Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо” гэх нэрийн дор үйл ажиллагаа явуулж буй цемент үйлдвэрлэгчээс цемент худалдан авч, үнэ нэмэн дамжуулан борлуулагч нар буюу "ЦЕМЕНТИЙН ЧЕНЖ" нар цементийн үнийн хөөрөгдлийг бий болгож байгаа гэдгийг үйлдвэрлэгч нар хэлж байна. Эдгээр дамжуулан борлуулагч нар нь том цементийн үйлдвэрүүд байгуулагдахаас өмнө буюу импортын цементээр зах зээлээ хангадаг байх үеээс эхлэн олон жил цементийн эрэлт хэрэгцээ ихэссэн үед үнийн тоглолт хийж ирсэн. Өнөөдөр ч энэхүү аргаа хэрэглэж үйлдвэрлэгч нар үнэ нэмсэн гэх худал мэдээллийг тарааж, олон нийтийг төөрөгдүүлж байна. 

Тухайлбал Хөтөлийн “Цемент Шохой” ХК нь 2020 оны үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэн хоногийн бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа гэнэ. 

2019 оны барилгын салбарын өвлийн зогсолт эхлэхэд буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-нд цемент, чулуунцарын хангалттай нөөцтэйгөөр 2020 оны 03 дугаар сарын 01-ээс ажиллаж эхлэх төлөвлөгөөтэйгөөр Хөтөлийн "Цемент шохой" ХК үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. 

Тус  компани нь 2020 оны 3 дугаар сард үйл ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж бэлтгэл ажиллагааг хангаад байсан хэдий ч дэлхий нийтэд тархсан шинэ төрлийн коронавирус, COVID-19 цар тахлын улмаас 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлж  4 дүгээр сарын 12-ны өдрөөс бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн байна. 

Хөтөлийн "Цемент шохой" ХК нь  үнийн тогтвортой бодлого баримтлан 2018 онд батлагдсан цементийн үнийг өнөөг хүртэл мөрдөн ажиллаж цемент, чулуунцарын хангалттай нөөцтэйгөөр үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Хөтөлийн "Цемент шохой" ХК-ийн үйлдвэрийн хувьд өдөрт 2500-3000 тонн цемент үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. 

Өнгөрсөн жилүүдэд цементийн дундаж үнэ 170 гаруй мянган төгрөг байсан. Үйлдвэрүүд энэ л дундаж үнээрээ бүтээгдэхүүнээ борлуулж байгаа гэнэ. 

Шинэ төрлийн коронавирус, COVID-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа нь хязгаарлагдаж байсан барилгын компаниул  нэгэн зэрэг ажлаа эхэлснээр цементийн эрэлт хэрэгцээ огцом нэмэгдсэн ч үйлдвэрүүд үнээ нэмэгдүүлэхгүй гэсэн бодлого баримтлан ажиллаж байхад ченжүүд эрэлт нэмэгдэж байгааг далимдуулан үнэ өсгөчихөөд үйлдвэрлэгч нарт нялцаах гэж оролдож байна. 

Цементийн хомсдлыг бий болгож байгаа энэ цаг үед Хөтөлийн "Цемент шохой" ХК нь улс орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулан өөрийн боломжийн хэмжээнд нийлүүлэлт хийн ажиллаж байгаа юм. Мөн 2018 онд тогтоосон цементийн үнийг огт өөрчлөхгүй бөгөөд цаашид ч тухайн үнээр худалдаалах болно гэж тус компанийнхан мэдэгдлээ.   

Ийнхүү үйлдвэрлэгч нар нь бодлогоо гаргаж, үнээ тогтворжуулж байхад Төр бодлогын зохицуулалт алга. Төр цементихйн эрэлт бий болоход үйлдвэрлэгч нараа дэмжиж ажлуулахын оронд ченж нарт цементийн үнийг атгуулчихаад сууж байна. Тэгсэн хэрнээ цементийн үнэ нэмэгдэхээр үйлдвэрлэгч нарлуу дайрдаг гажуудал оршиж байгаа юм. Цементийн үнэ өсөөгүй гэдгийг албаныхан хэлж байна.