АНУ-аас 230 иргэнээ авчирна

АНУ-аас 230 иргэнээ авчирна

Улсын онцгой комиссын шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. Зурагдугаар сард үйлдэхээр төлөвлөж байсан нислэгийн тоог нэмэгдүүлж байгаа гэдгээ мэдэгдсэн юм. Энэ сард гадаадаас 2300 иргэнийг татан авахаар төлөвлөөд байна.

 Зургадугаар сард нийт найман нислэг  үйлдэнэ гэж төлөвлөж  байсан ч иргэдийн тоо их байгаа учраас нислэгийн тоог нэмэхээр боллоо.Тодруулбал, энэ сарын 20-нд Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ авчрахаар транзит нислэг буюу дамжин нислэгийг Сөүл хот руу хийхээр болжээ.

Монгол Улсын Засгийн газраас АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон. Энэ нь голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан хувийн хамгаалах хэрэгслийг хүргэхээр шийдвэрлэжээ.  Энэ тусламжийг зургадугаар сарын 21-нд хүргэж өгөхөөр манай улсаас АНУ руу онгоц нисгэнэ. Уг онгоцоор тус улсаас эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан иргэдээ татан авах боломж бүрдэнэ. Сиэтл хотоос 250-260 иргэнээ авчирна гэлээ. Шуурхай штаб дээр дараа, дараагийн нислэгээр ирэх хүмүүсийн нэрс баталгаажаад дуусч байна. Тухайлбал,

  • зургадугаар сарын 17-нд  Сөүл (транзит),
  • зургадугаар сарын 18-нд Сөүл,
  • зургадугаар сарын 19-нд Франкфурт,
  • зургадугаар сарын 20-нд Зүүн өмнөд ази руу нислэг үйлдэнэ.

Транзит нислэгүүдийн хувьд зорчигчдын нэрсийг аль болох олон өдрийн өмнө эцэслэн шийдэж тухайн иргэдэд мэдэгдэх нь Сөүл хүртэл зорчиж ирэх боломжоор хангаж  байгаа юм. БНСУ-тай харилцан тохиролцож, иргэдийг чирэгдүүлэхгүй байх боломжийг хангасан гэдэг мэдээллийг өглөө. Өнөөдрийн байдлаар Турк Улсад байгаа иргэдийн нөхцөл байдал бусад улс бүс нутагт  байгаа иргэдтэй харьцуулахад хүнддээ орж байна. Тиймээс Истанбул хотод байгаа Ерөнхий консулын газраар  дамжуулан Туркт байгаа 5000 гаруй иргэдийн дунд судалгаа хийж үүнээс хамгийн эмзэг бүлгийг тодорхойлж эдгээр иргэдэд хүнсний дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг эхлүүлээд  байна. Өнөөдрийн байдлаар Турк улсад байгаа  168  өрхийн 580 гаруй иргэнд дэмжлэг үзүүлсэн. Ингэхдээ тухайн иргэдэд бэлэн мөнгө биш  7-10 хоногт хүнсний бүрэн  нөөцөө хангах эрхийн бичиг, картыг өгөх хэлбэрээр туслалцааг үзүүлж байгаа. Энэ ажил цаашдаа үргэлжилнэ” гэв.