Т.Ганболд: Бие даагчдын саналийг луйвардсан учраас зарим тойрогт дахин сонгууль явуулая

Т.Ганболд: Бие даагчдын саналийг луйвардсан учраас зарим тойрогт дахин сонгууль явуулая

Бие даагчид гомдолтой байна. Тэд гомдох нь зөв. УИХ-ын ээлжит сонгуульд энэ жил 121 бие даагч өрсөлдсөн. Тэднээс дор хаяж 4 бие даагч, цаашлаад 8-аас дээш бие даагч ялалт байгуулна гэх таамаг бүхий судалгааг олон байгууллага гаргасан байдаг. Гэтэл өнөөдөр Сонгуулийн дүнгээр ганцхан бие даагч л ялсан гэх хувилбартай сууж байна.

Сонгууль шударга явсан бол Орхон аймгаас сонгогдоод байгаа бие даагч  Н.Алтанхуяг дээр нэмээд Дархан-Уул аймгаас Т.Ганболд, Төв аймгаас Д.Доржпүрэв, Хан-Уул дүүргээс Н.Номтойбаяр, Сонгинохайрхан дүүргээс С.Мөнхчулуун, Баянгол дүүргээс Галиндав гэх мэт бие даагч нар гарах магадлалтай байсан. Дэмжсэн гэх хүмүүсийн хандлага ч тийм байна. Гэтэл энэ бүхэн нь луйвар орчихжээ гэх хардлагыг төрүүлээд байна.

Өнөөдөр бие даагчдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд гурван том шалтгааныг тайлбарлаж, сонгууль шударга бус болсон гэдэг хувилбарыг дэвшүүлж байна. Тэдний тавьж буй үндэслэл, тайлбар нь хардлага төрүүлэхүйц байгаа нь хамгийн гол анхаарал татаж байна.

Нэгдүгээрт: Сонгуулийн санал хураалтын дүнг Сонгуулийн Ерөнхий хороо танилцуулж эхлэхэд бие даагчдийн авсан саналын дунд таслал орж ирсэн. Тухайлбал 9,267 гэх маягаар бичигдсэн. Гэтэл бусад нам, эвслээс нэр дэвшигч нарынх шууд л 9267 гэсэн бичвэртэй байв. Үүнээс гадна заримбие даагчдийн нэр хамгийн дээр гарч ирж байсан. Тухайлбал Дархан-Уул аймгаас нэр дэвшигч Т.Ганболдын нэр 7,311 гэсэн бичвэртэй гарч ирж байгаа юм. Ингэхдээ нэгдүгээрт бичигдсэн байдаг. Харин хоёрдугаарт бичигдсэн хүн нь 11652 гэсэн саналтай хүн байх жишээтэй. Энэ нь юунаас болж гарч ирсэн вэ гэхээр миний саналыг хоёр хувааж таслал байрлуулж луйвар хийсэн гэх хардлага байгаа гэдгээ нэр дэвшигч Т.Ганболд тайлбарлаж байна. Яг түүнтэй ижилхэн тохиолдол нь Төв аймагт нэр дэвшигч Д.Доржпүрэв гэнэ. 9,647 гэсэн бичвэртэй мөртлөө МАН-ын нэр дэвшигч 13002 гэсэн саналтай хүний өмнө бичигдэж байгаа юм. Угтаа бол Д.Доржпүрэв нь 19647 саналтай гэсэн үг. Баянгол дүүргийн Галиндав мөн адил нэгдүгээр бичигдэж гарч ирсэн гэдэг тайлбарыг Т.Ганболд өглөө. Энэ бол тэдний тавьж буй Сонгуулийн санал хураалтын луйврын ул мөр гэв.

Хоёрдугаарт: Сонгуулийн санал хураалтын дүнг харахад хэсгийн хорооны ирж буй тоо, нийт авч буй саналын тоо асар зөрүүтэй байсан гэдэг тайлбарыг Сонгинохайрхан дүүрэгт бие даан нэр дэвшигч С.Мөнхчулуун тайлбарлав. Сонгинохайрхан дүүрэг нь 59 хэсгийн хороотой. 5 хэсгийн хорооны санал ирэхэд нэгдүгээрт бичигдсэн МАН-ын нэр дэвшигч 13,000 хүний санал авчихсан байсан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн нэг хэсгийн хороонд 1800 хүн бүртгэлтэй. 100 хувь өгөхөд ч 13 мянган хүний санал хүрэхгүй. Иймээс л луйвар явагдлаа гэж тайлбарлав.

Гуравдугаарт: Нийт санал өгсөн сонгогчдийн тоо нь нэр дэвшигчдийн авсан сонгуулийн тоотой мөргөлдөхгүй байна. Хэдийгээр 29 тойрог нь хоёр, эсвэл гурван мандаттай ч энэ байдлаар нь үржээд бодоход л Сонгогчдийн тоо илүү гараад байна. Үүний цаана луйвар, царцааны нүүдэл явсан байх магадлалтай гэдэг тайлбарыг бие даагчид өгч байна.

Дээрх гурван шалтгаанаар бие даагчдийн зүгээс энэ удаагийн УИх-ын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг тайлбарлан хэллээ. Тэдний зүгээс но-той тойргуудад дахин санал хураалт явуулж өгөхийг хүссэн юмаа.

Бие даагчдийн хэвлэлийн бага хурал