Албан тушаалд очихгүй, ажлаа үргэлжлүүлнэ...

Албан тушаалд очихгүй, ажлаа үргэлжлүүлнэ...

Ийм үг хэлээд хойш суугаад хөшигний цаанаас хөгжим тоглож буй улс төрч бол Д.Амарбаясгалан. 2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авахад тэр хамгийн том бялууг хамгийн эхэнд хүртэх эрхтэй сэнтийд заларч байсан. Нэг үгээр хэлбэл 2016 оны МАН-ын 65 суудлын гол хөзөр нь Д.Амарбаясгалан байсан гэсэн үг. Тэр л 2012-2016 онд Нийслэлд даам байсан Э.Бат-Үүлийг эсэргүүцэж, бас УИХ дахь бүлгийнхээ улс төрийн акцыг бэлтгэн өгч байсан нэгэн юм. Мөн сонгуулийн өмнө намынхаа гал тогоонд сууж гарцаагүй албан тушаалын бялуу хүртэх жагсаалтын тэргүүн эгнээнд байлаа.  Гэвч тэр хөдөлгөөн хийлгүй хойш сууж, амин хувийн эрх ашгийг арагшаа тавиад л албан тушаалд өөрийнхөө хүмүүсийг өлгийдөн суулгаж чадсан билээ.

2017 онд өрнөсөн МАН-ын УИХ дахь бүлэг 2 хуваагдаж М.Энхболд, У.Хүрэлсүх гэх тоглоом өрнөхөд мөн л Д.Амарбаясгалан гол дүр нь байж хэнд нь ялалтыг авчирч, хэнд нь ялагдлыг амсуулах тоглоомын дүрмийг найруулан, тоглолтыг хөшигний цаана чиглүүлж суусан. М.Энхболдын алдаа нь хаана байгааг хамгийн сайн мэдэж, тэр цэгт нь цохилт өгөх арга Д.Амарбаясгалангаас л гарсан гэх бор шувуу МАН-ын саарал байшинд эгшиглэх болжээ.

2020 оны УИХ-ын сонгуульд МАН 62 суудал авч, яг одоо бялуугаа хуваагаад эхэллээ. Эхний зүсэм Г.Занданшатарт, дараагийн зүсэм Д.Тогтохсүрэнд, дараагийн зүсэм У.Хүрэлсүхэд, дараагийн зүсэм Л.Оюун-Эрдэнэд гэх мэтээр үргэлжилж байна. Бялууны зүсэм авахдаа эхэнд, бас том хуваалтыг хүртэх эрх Д.Амарбаясгаланд байна. Тэр нэгдүгээрт У.Хүрэлсүхийг өнөөдрийг рейтинг өндөртэй, эрх мэдэлтэй, нэгдүгээр эгнээний тоглогч болгоход хамгийн том тус хүргэсэн улс төрч. Хоёрдугаарт МАН 62 суудалтай болоход сонгуулийн гол найруулга, нэр дэвшилтийн бүх хуваарилтыг хийсэн гавьяатай. Энэ бүхэн нь Д.Амарбаясгалан хүсэх юм бол ямар ч бялууг том зүсмээр хуваагаад өөрөө түүнээсээ хүртэх эрхтэй нэгэн гэдгийг хэлээд байгаа юм.

Харин Д.Амарбаясгалан албан тушаалд очихгүй. Ажлаа үргэлжлүүлнэ гэдэг үгээ ахиад хэлчихлээ. Тэр юу бодож, юу сэтгэж, юунд зорьж буй учраас ийм үгийг хэлэх болов. Үүний цаана түүний улс төрийн алсын хараа угтаа нуугтаж буй бололтой. Өнөөдөр МАН-ын бага хурал болж Монгол Улсын Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг дэмжив. Энэ мэдээллийг өгөхдөө Д.Амарбаясгалан нь хийж ирсэн ажлаа үргэлжлүүлнэ, хийх ажил их байна гэж байр сууриа илэрхийллээ. Үүний цаана Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэвээрээ үлдэнэ гэдгээ бататгав. Тэр энэ л суудлаас намын даргынхаа баруун гар байж, бас УИХ-ын гишүүн, сайд нарыг бүхэлд нь удирдаж, улс төрийн тоглоом тоглохыг илүүд үзжээ.

2020 оны УИХ-ын сонгууль томсгосон тойргоор зохион байгуулагдав. Ийм хуулийн зохицуулалтыг 2016-2020 оны парламентын гишүүд санаачилж, сэдэж хийгээгүй. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан санаачлан хийсэн юм билээ. Тэр л энэ нүүдлийг харж, ийм нөхцөлд МАН ялалт байгуулна гэдгийг мэдэж, энэхүү найруулгыг хийжээ. Мөн тэр л 60 тэрбум гэгчээс МАН салж, нэр дэвшилтийг шинэчлэх шаардлагатай гэдгийг У.Хүрэлсүхэд шивнэж, угтаа 20 орчим гишүүнийг нэр дэвшилтээс хасуулж, мөн өөрөө Говь-Алтайд нэр дэвшихээс бултаж үлдсэн гэдэг юм билээ.

Д.Амарбаясгалангийн дараагийн нүүдэл нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль. МАН-аас У.Хүрэлсүх бус өөр нэгнийг Ерөнхийлөгчид дэвшүүлж,ялалтын буухиаг авах гэсэн хол хэтийн бодол Д.Амарбаясгаланд байгаа учраас л албан тушаал бус МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын суудалтайгаа үлдэхээр шийджээ. 2024 оноос эхлэн Д.Амарбаясгалан гэдэг улс төрч нэгдүгээр эгнээнд улс төр тоглохоор бэлтгэлдээ орлоо. Тэр одоо бол хоёрдугаар эгнээнд мэт боловч хөшигний цаана аль хэдийн нэгдүгээр эгнээнд шилжчихжээ.