77 мянган 2 настан гэртээ цоожлогдоно

77 мянган 2 настан гэртээ цоожлогдоно

2020-2021 оны хичээл жилийн нээлтийг үе шаттай эхлүүлэх шийдвэрийг БШУСЯ-ны санал дээр тулгуурлаж, Засгийн газраас гаргасан билээ. Уг шийдвэрт туссан нэгэн шийдэл нь энэ хичээлийн жилд 2 настай хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхгүй байх тухай юм. 

2020-2021 онд цэцэрлэгт 77 мянга 235 хүүхэд цэцэрлэгт шинээр элсэх байжээ. Нэг үгээр хэлбэл 2 настай 77 мянган хүүхэд өнөөдөр гэртээ үлдэх болж байна. Ийм нөхцөлд эцэг эхчүүдийн хувьд хэрхэх учраа олж ядаж буй. Эцэг эхийн аль нэг нь ажлаасаа гарах, эсвэл хэн нэгэн хүн хөлсөлж хүүхдээ харуулах арга замтай нүүр тулж байна. 

Улсын болон хувийн аль ч цэцэрлэг 2 настай хүүхдийг авахгүй бөгөөд, салбар яамны зүгээс уг шийдвэрээ бүх цэцэрлэгийн байгууллагад хүргүүлсэн байна. 2 настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй байх шалтгаанаа салбар яамны зүгээс 2 настай хүүхдийн дархлаа сул, өвчлөх магадлал өндөр, тэр дундаа амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчин тусах эрсдэлтэй байдаг. Цар тахлын энэ үед урьдчилан сэргийлэх үүднээс энэ зохицуулалт нь хамгийн зөв. 

Гагцхүү эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ хэрхэн харах уу? эсвэл хүүхэд асрагч авах уу гэдгээ өөрсдөө сонгоно. Харин Засгийн газрын зүгээс албан байгууллагуудад 2 настай хүүхэдтэй эцэг эхийг ажлаа хийх, бас хүүхдээ харах боломжоор зохицуулж өгөхийг хүссэн албан бичгийг илгээх юм байна.