Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй

Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй

Эрчим хүчний үнэ тарифын талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос өнөөдөр мэдээлэл өглөө. Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт орохгүй гэдгийг мэдээллийн эхэнд тус Хорооны дарга А.Тлейхан тодотгов.

Тэрбээр хэлэхдээ "Сүүлийн үед цахим орчинд “Цахилгаан дулааны үнэ тарифыг ирэх аравдугаар сараас хоёр дахин нэмнэ” гэх ор үндэсгүй худал мэдээлэл тарааж байгаатай холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос няцаалт хийж байна.

Ковид-19 цар тахлын үед улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шинжсэнтэй холбоотой эрчим хүчний хэрэглээ 6.7%-аар буурч, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэр, компаниудын санхүү эдийн засгийн байдал хүндэрсэн.

Эрчим хүчний салбарын хэмжээнд хэрэглэгчээ дээдэлсэн бодлого хэрэгжүүлэх, эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүйгээр салбарын хэмжээнд нөөц бололцоогоо ашиглан хэмнэлтийн горимоор ажиллаж, хүндрэлийг даван туулах шийдвэр гаргасан" гэлээ.

Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд өндөр үнэтэй импортын цахилгааныг багасгах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг анх тариф батлах үеийн ачааллаар ажиллуулах, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор Эрчим хүчний компаниудын тэвчиж болох зарим зардлуудыг, бууруулж хэмнэлт гаргаж ажиллахаар төлөвлөжээ.