БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСЫН ТЕМАСЕК ОЛОН УЛСЫН САНГААС  МОНГОЛ УЛСЫН ЭМНЭЛГҮҮДЭД ХҮЧИЛТӨРӨГЧ ӨТГӨРҮҮЛЭГЧ АППАРАТ ХАНДИВЛАВ

БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСЫН ТЕМАСЕК ОЛОН УЛСЫН САНГААС МОНГОЛ УЛСЫН ЭМНЭЛГҮҮДЭД ХҮЧИЛТӨРӨГЧ ӨТГӨРҮҮЛЭГЧ АППАРАТ ХАНДИВЛАВ

Сингапур Улсын Темасек олон улсын сангаас Монгол Улсын эмнэлгүүдэд зориулж амьсгалын цочмог үрэвсэлтэй өвчтнүүдийн хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх зориулалт бүхий 10 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хандивласныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Эрүүл мэндийн яаманд өнөөдөр хүлээлгэн өгөв. Ёслолын арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа болон албаны бусад хүмүүс оролцов.

Энэ жил Монгол Улс, Сингапур Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа бүхий л салбарт өргөжин тэлж, нэн ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарт эрчимтэй хөгжиж байна. Сингапур Улс Монгол Улсын хөгжлийг идэвхтэй дэмжиж ирсний дотор манай төрийн албан хаагчдыг чадавхижуулан бэлтгэхэд, мөн эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон хувийн хэвшлийн боловсон хүчинг сургахад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн.

Дэлхий нийтийг хамраад буй Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр манай Засгийн газрын явуулж буй бодлого, үйл ажиллагааг Сингапурын Засгийн газар эхнээс нь дэмжиж ирсэн бөгөөд энэ оны 3 дугаар сард КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж Темасек олон улсын сангаас 3000 ширхэг түргэн оношлуурыг Монгол Улсад хандивласан билээ.

мэдээний дүрс