Ардчилсан нам 10 аймагт, МАН нийслэлд ялалт байгууллаа

Ардчилсан нам 10 аймагт, МАН нийслэлд ялалт байгууллаа

Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч (ИХТ)-ийг сонгох санал хураалт өчигдөр (2020.10.15) болж, урьдчилсан байдлаар МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан бол Ардчилсан нам Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл зэрэг 10 аймагт ялж, засаглах боломжтой боллоо.

Өөрөөр хэлбэл, эрх барьж буй МАН орон нутагт ард иргэдийн итгэлийг алдаж эхэлснийг энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс харж болохоор байна.

Улсын хэмжээнд орон нутгийн сонгуулийн 8169 суудлын төлөө 17161 нэр дэвшигч зургаан нам, нэг эвслээс өрсөлдлөө. Сонгуульд нийт 16 тэрбум төгрөг зарцуулсан юм.

Гэхдээ энэ удаагийн сонгууль хамгийн бохир болж,  өндөрлөлөө. Мөнгө тараасан, хүний амь эрсэдсэн, санал тоолох хар машиныг хакердах яриаг нэр дэвшигч өрнүүлсэн, сонгогч саналаа хоёр дахь удаагаа өгөх гэж байгаад баригдсан, бөглөсөн саналын хуудсыг сонгогчдод өгсөн гээд тоочвол эрүүгийн шинжтэй гэмт хэрэг олноор үйлдэгдлээ.

Цагдаагийн байгууллагад Сонгуулийн хууль зөрчсөн тухай нийт 369 гомдол мэдээлэл ирсний 23-ыг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн бол мөн 8 хэргийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн, шалгаж байна. Харин 331 гомдол мэдээлэлд Зөрчлийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ.  Хамгийн гол нь хэргийг үйлдэгчдэд тохирсон ял зэмийг нь оноох ёстой.  Нуун дарагдуулах, замхруулах зэргээр хэргийг алга болговол сонгуулийн бохир тактикийг үгүй хийж чадахгүй. Харин ч хууль бус аргаар сонгогддог буруу жишиг дахин давтагдана гэсэн үг. Иймээс сонгогчид сонгууль дагаж гарсан бүхий л зөрчил, хэрэг маргааныг хуулийн байгууллагууд шийдвэрлэж тогтоохыг хүсч байна.

Ардчилсан нам УИХ-ын сонгуульд гаргасан алдаагаа давтахгүйн тулд МАХН, Шинэ намтай хамтран, энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцсон ч нийслэлд амжилт олсонгүй.  Нэг ёсны 2016 оны орон нутгийн сонгуулиар авсан суудлын тоогоо бууруулсан гэж хэлж болно. Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч (НИХТ)-ийн 45 мандатын 34-ыг МАН-аас нэр дэвшигчид, найм нь Ардчилсан нам, гурав нь ХҮН-аас нэр дэвшигчид сонгогдож, хотыг МАН дахин дөрвөн жил удирдах боллоо.

Дүүргүүдээс Ардчилсан нам Сүхбаатар дүүрэгт мандатын тоогоо хадгалж үлдэж чадсаныг эс тооцвол бусад найман дүүрэгт хавтгай ялагдлаа. Тодруулбал, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 291 мандатын 201-ыг МАН-аас нэр дэвшигчид авлаа.

  • Баянгол дүүргийн 41 мандатын 20 МАН, 18 нь  Ардчилсан нам, нэг МАХН, хоёр мандатад ХҮН-аас нэр дэвшигчид ,
  • Баянзүрх дүүргийн 43 мандатын 23 МАН, 18 Ардчилсан нам,  2 ХҮН,
  • Сонгинохайрхан дүүргийн 43 мандатын 42 МАН,  1 Ардчилсан нам,
  • Сүхбаатар дүүргийн 35 мандатын 7 нь МАН, 26 Ардчилсан нам,
  • Хан-Уул дүүргийн  35 мандатын 26 МАН,  4Ардчилсан нам, 1Ногоон нам,  4 ХҮН
  • Чингэлтэй дүүргийн 35 мандатын 30 МАН , 3 Ардчилсан нам, 2 ХҮН
  • Багануур дүүргийн 17 мандатын 16 МАН, 1 АН,
  • Багахангай дүүргийн 17 мандат  17 МАН,
  • Налайх дүүргийн 25 мандатын 20 МАН,  4 Ардчилсан намаас нэр дэвшигч, 1 мандат дээр дахин санал хурааж, шийдвэрлэх боллоо.

Нийслэлийн Сонгуулийн хорооноос урьдчилсан байдлаар танилцуулсан, дүүргүүдэд авсан улс төрийн намуудын мандатын тоог хүснэгтээр харуулж байна.