ШУУРХАЙ: ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ӨВӨРХАНГАЙ РУУ ИРЭХ, ЯВАХ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ЗОГСООЖ БАЙНА

ШУУРХАЙ: ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ӨВӨРХАНГАЙ РУУ ИРЭХ, ЯВАХ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ЗОГСООЖ БАЙНА

/2020.10.20/
Цаг агаарын нөхцөл байдлаас улбаалж, хөдөө орон нутгийн зам үзэгдэх орчин хязгаарлагдаж байна.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумдын хооронд замын нөхцөл байдал хүндэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрийн буюу 2020.10.20-ны өдрийн Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, мөн Говь-Алтай-Улаанбаатар, Баянхонгор-Улаанбаатар, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг эхлүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.
ӨМНӨГОВЬ АЙМАГТ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ХААЛАА
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хэмжээнд өнөөдөр сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргажээ.
Мөн цэцэрлэгт ирсэн хүүхдүүдийг зөвхөн эцэг, эхчүүдэд хүлээлгэж өгөх, иргэдийг хол явахгүй байхыг анхааруулж, малчдад сэрэмжлүүлэг тараахаар болжээ. Тус аймгийн хэмжээнд салхины хүч эрс нэмэгдэж, цаг агаарын аюултай үзэгдэл болж болзошгүй байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан байна.
Өвөрхангай аймгийн Онцгой комисс өнөөдөр өглөөнөөс эхлэн Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн авто замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргажээ. Цаг агаарын улмаас Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумдын хооронд замын нөхцөл байдал хүндэрсэн байна.
Түүнчлэн Тавантолгой - Гашуун сухайт чиглэлийн авто замын нийт хэсгээр шороон шуурга шуурч үзэгдэх орчин 10-30м хүрч хязгаарлагдсан тул үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор авто замын хөдөлгөөнийг бүх шалган нэвтрүүлэх цэгүүд дээр түр хугацаагаар хязгаарлаад байна.
                               
                               Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба