Шүүхийн хуулийг гацаах гэсэн улс төрчдийн нэрийг зарлах ёстой шүү Энхбаяр гишүүн ээ!!!

Шүүхийн хуулийг гацаах гэсэн улс төрчдийн нэрийг зарлах ёстой шүү Энхбаяр гишүүн ээ!!!

Шүүхийн Ерөнхий хуулийг өөрчлөх ажлын хэсэг УИХ дээр байгуулагдаж, уг хуулийг хэлэлцэх үйл явц УИХ-ын нэгдсэн хуралдаанд орчихсон. Гэвч уг хуулийг урагшлуулах сонирхол улс төрчдийн заримд нь алга бололтой. Учир нь хуулийн ажлын хэсэг ажиллаж эхлэхээс эхлээд л хуулийн гацаах, зогсоох гэсэн башир арга мэр сэр дуулдаж байв. 

Тэр дундаа эрх мэдэл, албан тушаалтайгаа зууралдах дуртай улс төрч, шүүгч нэртэй авлигалч нарын лобби бүлэг уг хуулийг гацаах ажлыг шаламгай гэгч нь хийж иржээ. Тэд үүнийгээ улам төгөлдөржүүлэн улс төрч, бизнес, шүүгчийн лобби бүлэг байгуулан ажиллаж эхэлсэн байна. Өнөөдөр УИХ-д суугаа улс төрчдөөр дамжуулан уг хуулийг гацаах, урагшлуулахгүй, хэлэлцүүлэхгүй байх дээр олон төрлийн шахалтыг үзүүлж эхэлсэн тухай Шүүхийн хуулийн өөрчлөлтийг гардан гүйцэтгэхээр зүтгэж буй УИХ-ын гишүүн Б.Энхбаяр itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг зүгээс шүүхийн хуулийг гацаах гэсэн улс төрчдийн нэрийг зарлах болно хэмээн сүрдүүлсэн үгийг ярилцлага дунда дурдсан байх юм. Ингэж өөх ч биш булчирхай ч биш худал хийрхэж байхаар шууд л ийм хүмүүсийг зарлах хэрэгтэй. Тэдний нэрийг зарлаж, сонгогчдийнхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлахгүй байгаа, хэдхэн хүний лобби бүлэгт автчихаад луйвар булхайтай тэмцэх бус өөгшүүлж суугаа үнэн төрхийг нь илчлэх хэрэгтэй. Түүнээс шал худлаа түмэн олны толгой эргүүлж, зарлах болно энэ тэр гэж улс төржих нь утга үгүй юм. 

Шүүхийн хуулийн хэлэлцүүлгийг УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс хоёр ч удаа завсарлага авч хойшлуулаад байгаа. УИХ-ын намрын ээлжит чуулган хоёр сарын эхээр завсарлах ёстой. Тэр болтол уг хуулийг барих гэсэн башир аргыг өнөөх хувалзнууд хийж буй нь энэ биз. Хэрэв энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэж амжихгүй бол хаврын чуулганаар хэлэлцэх нь худал болно. Учир нь Ерөнхийлөгчийн сонгууль гээд гал дуудах аливаа хуулийг хэлэлцэхээс улс төрчид зугтах биз. Нөгөө талдаа нийгэм бүхэлдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлд ажилд орж, намууд хэнийг зүтгүүлэх тухай бодохоос хэрхэн улс орны ашиг тусын тухай бодох билээ. 

Иймд энэ удаагийн намрын чуулган завсарлахаас өмнө шүүхийн тухай хуулийг өөрчилж эерэг гэгдээд байгаа хуулийг өөрчлөх ёстой. Өнөөдөр шүүх бүхэлдээ ганц улс төрчийн эрх мэдэлд орчихсон. Дээд шүүхийн шүүгчийг нэг хүн томилж, мөн түүнд хяналт тавих ёстой албан тушаалтан бүрийг өнөөх хүн томилж, бас шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг бас л нэг хүнээс хараат байхаар зохицуулчихаад байна. Иймээс шүүх засаглалыг хэнээс ч хараат бус, тэр дундаа улс төрчдөөс хараат бус, шүүгч шүүгчээсээ хараат бус ажиллах боломжийг олгохгүй бол Монгол улсын ардчилалд том хар толбо болох нөхцөл байдал үүсчихлээ. 

Үүний хамгийн том баталгаа нь улс төрч нарын цагдан хоригдож буй үйл явц юм. Хууль зөрчиж цагдан хорьчихдог. Гишүүний бүрэн эрхийг үл харгалзан цагдан хорьдог гажуудал маргааш эгэл жирийн иргэн дээр ирж нүүрлэх эрсдэлтэй болоод байна. Өнөөх шударга бусын хонгил нураана гэсэн улс төрчид нэг хонгил нурааж, нөгөө хонгил барьчихсан юм биш биз дээ. Тэдний гар хөлд шүүгч нар утсан хүүхэлдэй болчихсон аятай л байх юм