ДЭМБ: Вакцинаас болж ёс суртахууны сүйрлийн ирмэгт тулж ирлээ

ДЭМБ: Вакцинаас болж ёс суртахууны сүйрлийн ирмэгт тулж ирлээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус өчигдөр (2021.01.18) болсон ээлжит хэвлэлийн хурлын үеэр covid-19-ийн эсрэг вакцины тэгш бус хуваарилалтын талаар санаа зовинож буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр "Дэлхий дахин вакцинаас болж ёс суртахууны сүйрлийн ирмэгт тулж ирээд байна. Үүний төлөөсийг дэлхийн хамгийн ядуу буурай орнууд иргэдийнхээ амь нас, амьжиргаагаар төлнө шүү дээ. Вакцин дэлхий нийтэд итгэл, найдвар төрүүлж байгаа ч нөгөө талаар дэлхийн баян, ядуугийн хоорондын ялгааг улам нэмэгдүүлж байна. Чинээлэг орнууд хүн амаасаа давсан их вакциныг урьдчилан худалдан авч байхад ядуу буурай орнууд эрсдэлт бүлэг болох өндөр настнууд, эмч, эмнэлгийн ажилтнуудаа ч вакцинжуулж чадахгүй байна” хэмээн хэлсэн байна.

Түүний мэдээлснээр, өндөр орлоготой орнуудад вакцины 39 сая гаруй тун хийгээд байгаа бол нэгэн ядуу оронд ердөө 25 тунг тарьжээ. Түүнчлэн ДЭМБ тэргүүтэй бусад байгууллага вакциныг тэгш хуваарилах санаачлага гаргасныг үл харгалзан, зарим улс орон, компани хоёр талын гэрээгээ чухалчилсаар байна гэж тэрбээр шүүмжилсэн байна. Мөн Тедрос Адханом Гебрейесус үүний улмаас вакцины үнэ нэмэгдэж байгааг онцлоод, энэ оны дөрөвдүгээр сарын эхэн гэхэд бүх улс эмнэлгийн ажилтнууд, өндөр настнуудаа вакцинжуулахад бэлтгэлтэй болсон байх чиглэлд дэмжлэг үзүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалжээ.

Эх сурвалж: REUTERS